Ховд үйлдвэр технологийн паркийн ТЭЗҮ боловсрууллаа

2021-09-02
1 min read

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хамтран “Мал төхөөрөх, мах боловсруулах загвар үйлдвэр”-ийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ),  Мастер төлөвлөгөө, “Ховд аймгийн Үйлдвэрлэл, технологийн Парк” (ХҮТП)-ийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсрууллаа. Эдгээр стратегийн ач холбогдолтой ТЭЗҮ судалгааг Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiM) төслийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн бөгөөд цаашид хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн орчин үеийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх үндэс суурь болно.  

Эдгээр ТЭЗҮ-үүд нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, олон улсын чанарын стандарт шаардлагад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж улмаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгох ХХААХҮЯ, Монгол Улсын Засгийн газрын стратегийн хүрээнд хийгдсэн.

“Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийг байгуулснаар нийт 2271 байнгын, 1100 түр ажлын байр шинээр бий болно. Түүнчлэн экспортыг оруулаад жилд дунджаар 132 сая долларын орлого олох бөгөөд ДНБ-д 636,4 тэрбум төгрөгийн орлогын хувь нэмэр оруулах боломжтой байна.

“Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр”-ийн зураг төслийн дагуу барилгын ажлаа гүйцэтгэж, үйлдвэрээ ажиллуулах үед дотоодын болон олон улсын CAC/RCP 58-2005, MNS CAC RCP CAC RCP 58: 2013, GHP, GMP, HACCP систем, Халал баталгаажуулалт, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шаардлага, зөвлөмжийг дагаж мөрдөх ёстой. Уг үйлдвэрийг байгуулснаар 200 гаруй байнгын ажлын байр бий болох бөгөөд аль ч аймагт байгуулахад тохиромжтой дизайнаар төлөвлөсөн. Тус үйлдвэрийн 2023 оны нийт орлого нь 36,5 тэрбум төгрөг байхаар төсөөлсөн бөгөөд аажмаар орлого нь жил бүр өсөх боломжтой.

Засгийн газраас дээрх үйлдвэр болон паркийг байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бий болгож олон улсын стандарт шаардлагын дагуу бүтээн байгуулалтыг хийх нь зүйтэй хэмээн ЮНИДО-ын мэргэжилтнүүд зөвлөлөө.

ЮНИДО нь цаашид хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх олон улсын үйл ажиллагааныхаа хүрээнд холбогдох дэмжлэг, туслалцааг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Орчуулах »
error: Content is protected !!