Цар тахлын хүнд үед хөрөнгө мөнгөгүйн зовлон тоочиж яваа А.Ариунзаяа сайдын хараан дор гадна, дотны санхүүжилт бүхий тэрбумаар хэмжигдэх олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Харамсалтай нь салбар нь түүнд томддог бололтой, хамар дор нь хэмжээ хязгааргүй, зарим нь бүр тус яаманд зохион байгуулалттай хулгай нүүрлэчихээ юү гэмээр мөнгө урсчээ.
Өөрийгөө IT технологийн супер баг бүрэлдэхүүнтэй хэмээн сайрхдаг ганц сайд нь боловч үнэндээ Л.Оюун-Эрдэнийн танхимын хамгийн эмх цэгцгүй мэдээлэлтэй, цахим сайт нь зуун задгай, жаран хагархай гэдэг шиг дэндүү замбараагүй аж.
Ямартаа нэг бүр нь сая долларын өртөгтэй 12 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа гэх боловч яамны сайтад ердөө дөрвийнх нь мэдээллийг оруулсан байгаа юм. Энэ нь эмх замбараагүй, салбарын ажлаа гартаа оруулаагүйтэй нь холбоотой юу, эсвэл Төрийн нарийн бичгийн даргынхаа хэр хэмжээг давдаггүйгээс нь болдог уу.
Ил зарлагдсан 4 төслийн зарцуулалт нь дэндүү хайран байгааг шилэн данснаас нь харж болно. Нэн чухал зорилго, зориулалт бүхий төслүүдийн мөнгө оффис тохижуулах, компьютер авах зэрэг ахуйн зардалд урссанаас гадна татан буугдсан компанийн данс руу хэдэн зуун саяар шилжсэн байгаа нь анхаарлын гадна үлдээж болохгүй асуудал юм.
Тухайлбал, Хүнс тэжээл нийгмийн халамжийн төсөл нэмэлт санхүүжүүлэлт 3086мон-гийн хөрөнгийн ихэнх “Ай Ти Зон” ХХК руу шилжсэн байгаа нь хачирхалтай.
Хүнс тэжээл, нийгмийн халамжинд зориулагдах ёстой мөнгөнөөс тус компани 2020.07.07-нд НДЕГ-ыг цахимжуулах нэрээр 104.414.257.92 төгрөг, 2020.09.25-нд НДЕГ-ын архив цахимжуулахад 221.880.298.08 төгрөг, 2020.12.02-нд НДЕГ-ыг дахин цахимжуулахад 47.761.872.42 төгрөг, 2020.12.02-нд НДЕГ-ын мэдээллийн системийг хөгжүүлж нэвтрүүлэх гэх нэрээр 416.059486.29 төгрөг, 2020.12.08-нд зөөврийн компьютер, таблет болон зургийн камерын хэрэгсэл нийлүүлэхэд 247.342.800.00 төгрөг, 2020.12.08-нд НДЕГ-ыг дахиад л цахимжуулах нэрээр 50.152.000.00 төгрөг, 2020.12.09-нд нь суурин компьютер нэмж нийлүүлэхэд 289.836.500.0 төгрөг гэхчлэнгээр ердөө ганцхан улирлын дотор 1.3 тэрбумыг авчихсан байх юм.
Тэрчлэн тус төслийн мөнгөнөөс “Бодь электроникс” ХХК-ийн дансанд судалгааны мэдээлэл цуглуулах ажилд зориулсан таблет нийлүүлэх гэх утга бүхий гүйлгээгээр 2020.08.14-нд 140.877.000.0 төгрөг, үүнээс сарын дараа буюу 2020.09.21-нд 328.713.000.0 төгрөг шилжүүлжээ. Ер нь ч “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл нэмэлт санхүүжүүлэлт 3086мон” нэрт эл төслөөр сайд бүсгүй Төрийн нарийн бичгийн даргатайгаа хамтдаа тоглочихоо юу гэж хардмаар.
Учир нь төслийн мөнгөний зарцуулалт дотор “Мэдээллийн технологийн хяналтын зөвлөх Ө.Эсболд” гэж нөхөр рүү 144 саяыг, салбарын мэдээллийг хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр тараах ажилд гээд хоёрхон ТББ-руу нийтдээ 200 саяыг, МҮОНРТелевиз рүү дангаар нь 200 саяыг тус бүр “шидчихсэн” байна. Цар тахлын хүнд үед мөнгөөр бүр нэг бялхаж цалгиж байгаа нь эндээс харагдаж байгаа юм.
Үүгээр зогсохгүй тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болон эрхэм сайдтан хамтдаа өөр ч олон төсвийн мөнгийг тодорхой хяналтгүй зарцуулсан байгааг шилэн данс нь хангалттай нотолж өгнө.
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас зээл аван байж Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа.
Гэтэл төслийн санхүүжилтийн тодорхой хэсэг нь “Нутгийн буян” ХХК болон “Нутгийн буян групп” ХХК-ийн данс руу шилжсэн байна. Эл хоёр компанийн захирал нь Л.Бат-Орших.
Өвөрхангай аймгийнхан түүнийг “тендэрчин” гэж тодотгодог юм билээ. Сонгууль бүрээр сортолзон байнгын ажиллагаатай парламентын босго давах санаархлаа цухалзуулж явдаг нэгэн. УИХ-ын гишүүн асан Д.Зоригтын эзэмшлийн “Highland park” ресторанд 5000 ам.долларын гишүүнчлэлтэй такстай тусгай хүлээн авалтад Л.Бат-Орших оролцож, өнөөх санаагаа намын удирдлагууддаа хүчлэн дуулгаж явсан мэдээ чих дэлссэн нь саяхан.
Тэрбээр Өвөрхангайд Засаг даргаар ажиллаж байсан, МАН-ын батлахт Г.Ганболдтой багын андууд. Одоо бол бизнесийн хамтрагчид буюу хэн хэн нь тендэрчид болсон. Дундаа барилгын компанитай гэдгийг нутгийнхан нь ч хэлнэ.
Г.Ганболд МАН-ын үнэмлэхтэй бол Л.Бат-Орших нь АН-ын батлахтай. Засаг яаж ч эргэсэн тэдний тендэр тасалддаггүйгээрээ алдартай.
Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажилласан жил Хан-Уул дүүргийн дахин төлөвлөлтөд оролцож, олон айлыг орох оронгүй болгох шахан дуулиан дэгдээж явснаар нь “Нутгийн буян групп” ХХК-ийг нийслэлчүүд андахгүй.
Харин мань эр “Нутгийн буян” компаниа 2010.04.29-нд татан буулгасан байгаа юм. Гэтэл эл татан буугдсан компаниараа Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслөөс 2020.12.22-нд 333.536.341.52 төгрөг, 2020.10.19-нд 1.946.350.000.0 төгрөг, бүр ердөө хэдхэн сарын өмнө буюу 2021.02.02-нд 840.7 сая төгрөг авсан, хэлтэй амтай “Нутгийн буян групп”-ээрээ 2021.05.24-нд 109.855.317.70 төгрөг, 2021.03 сард /барилгын машин механизм, зам барилгын машин механизмын оператор/ нийлүүлэхээр 2.787.050.000.0 төгрөг, 2021.05 сард 2.369.885.703.00 төгрөг, 2020.09 сард 2.194.388.597.0 дүнтэй гэрээ байгуулж 1.405.670.247.57 төгрөг тус тус авсан байна.
Ихэнхдээ Өвөрхангай аймагт тендэр авдаг байсан Л.Бат-Орших татан буугдсан компаниараа цар тахлын хүнд бэрх цаг үед торох саадгүйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төсөл, хөтөлбөрүүдээс ийнхүү хамсан явдалд сайд А.Ариунзаяа, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нарыг хамаатуулан шалгах цаг болжээ.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “НАЖ МОГОЙ” үндэсний холбоо