Мэргэжлийн хяналтын байгууллагын ээлжит хурлаар, МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга, дэд дарга Г.Сугарбат, Д.Энхсайхан нар үүрэг чиглэл өглөө.
Ерөнхий байцаагч Т.Гантулга Нийслэл болон аймаг, хилийн боомтуудын удирдлага, албан хаагчдад аливаа хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахдаа нэн тэргүүнд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх, сайн туршлагыг олон нийтэд хүргэх нь зүйтэй гээд дараах гурван чиглэлд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгов.Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх болсон. Энэ хүрээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Дархлаажуулалтын цэг болон тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байсан анги танхим, оюутны дотуур байрны ариутгал, халдваргүйтгэлийн ажилд хяналт тавин бэлэн байдлыг хангуулах.
“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сургуулиудын хоол үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт зэрэгт хяналт тавьж ажиллах. Хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бүрт халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх, энэ үйл ажиллагаанд эцэг эхийн зөвлөлийг татан оролцуулах нь үр дүнтэйг онцлов.
Түүнчлэн халаалтын улирал эхлэхээс өмнө иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад угаар мэдрэгчийг зөв байршуулах, ашиглах талаарх зөвлөмж сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж ажиллах, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох бүсэд орж байгаа Налайх дүүргийн зуух бүхий айл өрхүүдэд угаар мэдрэгч суурилуулах, нийт аж ахуйн нэгж байгууллагын халаалтын зуухны аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн намрын ургац хураалт, төмс хүнсний ногооны тээвэрлэлт, хадгалалт, улаанбуудайн болон ирэх хаврын үрийн нөөц хийгээд чанарт анхаарч ажиллахыг даалгалаа.