Covid-19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдол наймдугаар сараас тогтмол нэмэгдсэн талаар албаны хүмүүс мэдээлж байгаа. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаа, “Улсын хэмжээнд бүртгэгдэж буй халдварын нийт тохиолдлын 72.5 хувь нь орон нутагт, бусад нь нийслэлд бүртгэгдэж байна. Монгол Улсад Covid-19 халдварын дельта хувилбарт тандалт судалгааг эхлүүлсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн тандалтаар энэ онд 951 сорьцод дельта хувилбар илрүүлэх PCR шинжилгээ хийсэн. Үүнээс 25 орчим хувь нь дельта хувилбар илэрсэн. 33 дугаар долоо хоног буюу наймдугаар сарын 21-ны байдлаар нийт эерэг гарсан тохиолдлын 34.7 хувьд нь дельта хувилбар илэрч, эмнэлэгт хэвтсэн” гэв.
Шинж тэмдэгийн тухайд, нусгайрах, хоолой хүндүүрлэх, үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагдах, халуурах, суулгах зэрэг шинж тэмдгүүд түгээмэл буюу 50-аас дээш хувьд нь илэрч байгаа ажээ. Улаанбаатар хотын өвчлөлийн байдлыг авч үзвэл ирэх 14 хоногт ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол 600-аас дээш гарах магадлалтай болохыг МУИС-ийн математикийн эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан байна.