Шуурхай штаб удирдаж чадахгүй захирагчаас ХОТ-оо авъя

Коронавирусийн халдварыг дотооддоо алдсан Улсын онцгой комисс шуурхай шийдвэр гарган, яаралтай хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод 12 хонож байна. Коронавирусийн давалгаа, тархалтын тухай хангалттай ойлголт авч, хэдийнэ сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан ард түмэн төр засагтаа итгэн, хорио цээрийн дэглэмийг урсгалаараа дуулгавартай хүлээн авсан ч Хотын дарга Д.Сумьяабазарын хөлд үрэгдчих шахан өнөөдрийг хүрлээ.

УОК-ын шийдвэрийг Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод сар ч болоогүй байсан Үндэсний бөхийн аварга эр хэрхэн үймүүлж, ухаан муутай шийдлүүд, нэг шийдвэр дээрээ эргэж буцсаар нийслэлийг бороохой барьсан цагдаагийн хатуу хяналтад оруулж, ядарсан иргэд эмнэлгийн үйлчилгээ авах битгий хэл хоногийн хоолоо чадан ядан залгуулах хүртэл мухардуулав.

Д.Сумьяабазарын шийдвэр өдөр бүр өөрчлөгдөж, хотынхныг бухимдуулан байж өчигдөр оройхон (2020.11.21) Улсын онцгой комисс хуралдан, хөл хорионы дэглэмийг яльгүй бууруулсан буюу 12 хоногийн өмнөх, анхны шийдвэр дээрээ тогтлоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Коронавирусийн халдварын тархалтын хүрээг хумиж чадсан учраас ийм шийдвэр гаргалаа хэмээн итгэхэд бэрх үндэслэл хэлэв.

Үнэндээ, хотын даргын амьдралгүй, ард иргэдээ бодоогүй, алсын хараагүй шийдвэр иргэдийн дургүйцлийг дээд цэгт хүргэж, нөгөөтэйгүүр судалгаа тооцоогүй шийдвэр нь зохиомол бөөгнөрлийг үүсгэсэн тул ийнхүү УОК хатуу хөл хорионы дэглэмийн цагт өөрчлөлт оруулсан хэрэг.

Тиймдээ ч хурал дээр аравхан хоногийн хөл хориог удирдах чадваргүй, эрсдлийн менежментийн талаар наад захын ойлголтгүйгээ харуулж, хотын иргэдээ төсөөлшгүй эрсдэлд оруулах шахсан Үндэсний бөхийн аварга Д.Сумьяабазар үзэгдээгүй биз. УОК-ийн дарга Я.Содбаатар ч бараагаа харуулсангүй. Тэд иргэдийн гомдол санал, бухимдлыг тээн ирсэн сэтгүүлчдийн асуултаас жийрхсэн болов уу.

Тэрчлэн өчигдөр орой гаргасан УОК-ын эл шийдвэр нь өнөөдөр өглөө мөн хэрэгжсэнгүй. Хөл хорионы үед зайлшгүй ажиллах ёстой 13 байгууллагын ажилтнууд, эмнэлгийн үйлчилгээ авах иргэдийг цагдаагийнхан хөдөлгөөнд оролцуулахгүй байсныг олон нийтийн сүлжээнээс харж болно. Цагдаагийн албан хаагчид УОК-ийн шийдвэрийг мэдээгүй, бид мэдээлэл аваагүй гэж хэлээд зогсож байх юм, УОК-ын дарга Я.Содбаатар, Хотын захирагч Д.Сумъяабазар аа!

Өчигдөр оройны шийдвэр чинь ганц шөнийн настай байсан юм уу?

Ганцхан сая хүн амтай Улаанбаатар хотын шинэхэн захирагч Д.Сумьяабазар иргэдийнхээ итгэл найдварыг алдаж, Засгийн газар, УОК-ын нэр нүүрийг шавар шавхайтай хутгасаар эцэстээ камерын өмнө ч харагдахаа байлаа. Камераас зугтлаа гээд хариуцлагаас зугтаж чадахгүй төдийгүй чадваргүй удирдагч гэдгээ ч нууцалж дийлэхгүй юм. Тиймээс Д.Сумъяабазарыг хотын даргаас яаралтай огцруулж, нийтийнхээ эрүүл мэнд, амь насыг эсэн мэнд дээрээ салгах санаачлагыг залуучууд, нийгмийн сүлжээнийхэн эхлүүлж, улмаар олон нийт дэмжин, шаардаж эхэллээ.

Сая гаруй иргэнтэй хотыг удирдах нь наадмын дэвжээнд хөлсөө дуслуулахаас огт өөр зүйл гэдгийг Д.Сумьяабазар энэ хэд хоногт мэдэрч байгаа биз. Коронавирусийн өөр давалгаа дахиад эхэллээ гэж бодоход энэ хүнээс юу ч хүлээгээд нэмэргүйг нийслэлчүүд аравхан хоногт нийтээрээ харлаа.

Тиймээс одоо болно оо, 1.3 сая иргэнийг амь нас, эрүүл мэндийг илүү их эрсдэлд оруулахаасаа өмнө ажлаа өг Хотын захирагч аа! Ингэж шившигтэйгээр өөрийнхөө хэр хэмжээг улам бүр тодотгоод яахав, өргөдлөө өг!!!

Орчуулах »
error: Content is protected !!