Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орлоо

2021-08-27
1 min read

Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны “Коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах” төслөөр, НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд “Вакцин, биобэлдмэлийн төв агуулахын өргөтгөл”-ийн барилгыг гурван сарын хугацаанд барьж, ашиглалтад орууллаа.

Энэхүү өргөтгөл нийт 1,686 м2 талбайтай бөгөөд дотроо хөргөх өрөө, хөлдөөгч, хуурай агуулахтай, өдөрт 100 кг хуурай мөс үйлдвэрлэх хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, дэвшилтэт технологи, шийдэлтэй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй ажиллагааг бүрэн хангасан цогц бүтээн байгуулалт болжээ.

Манай улсын хувьд зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан нийт 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай агуулахтай байсан бөгөөд энэхүү вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орсноор хамгийн багадаа 2-3 сая тун вакциныг нэг дор хүлээн авах, вакцины нөөцийг зохистой бүх хэмүүдэд (+2-+8, -15-25, -70-80) стандартын дагуу хадгалах шинэ дэвшилтэт технологуудыг суурилуулсан байна.

Орчуулах »
error: Content is protected !!