“Гадаадад зорчиж байгаа, түр болон байнга оршин суугч манай иргэд янз бүрийн хэл ам таталж, улс орныхоо нэр хүндийг унагадаг” гэж манай ГХЯ-ныхан, гадаад улс оронд Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайдын яамныхан байнга хэлж, сануулж, иргэдээ буруутгадаг.
Манай иргэдэд асуудал байдаг уу гэвэл байгаа. Зорчиж, ажиллаж, амьдрахаар очсон улсынхаа хэл, соёлыг мэдэхгүйгээс элдэв асуудалд холбогдох нь бий. Нутаг нэгтнүүддээ болон бусдад хууртсанаас очсон, улс орондоо амьдрах аргагүй болж, хохирсон нь ч байдаг. Элдэв гэмт хэрэгт холбогдож тухайн улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд болон монголчуудынхаа чихийг халууцуулдаг нь ч бийг нуух хэрэггүй.
Тэгвэл жирийн иргэдтэйгээ зэрэгцээд дипломат ажилтнууд маань ч элдэв асуудалд нэр холбогддог. Манай дипломатчид нэг хэсэг Орос, Украйнаас янжуур авч Европын орнууд руу гаргадаг байсан. Герман зэрэг Европын орнуудад нэг хайрцаг нь 3-5 ам. доллароор зардаг янжуурыг Оросоос нэг ам.доллароор авч, үнийг нь өсгөн наймаалдаг байсан гэдэг. Халдашгүй эрхээ ашиглан ердийн янжуур зардаг байсан манай дипломатчид сүүлдээ хар тамхи тээвэрлэдэг болсон.
УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадад суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг уржнан эх орондоо ирээд байхад нь хүлээн авч уулзахдаа “Хар тамхи тээвэрлэсэн, энэ төрлийн хэрэгт холбогдсон дипломатчдыг улсынхаа нэр хүндийг шороотой хутгасан хорлон сүйтгэгчид” хэмээгээд тэдний учруулсан хохирлыг мөнгөөр хэмжих аргагүй гэсэн билээ.
2000-аад оноос эхтэй дээрх төрлийн хэрэгт нэр холбогдсон 80 гаруй дипломат ажилтан байгаагаас 30 гаруй өнөөдөр ГХЯ болон төрийн бусад албанд ажиллаж буйг УИХ-ын гишүүн Ө.Аюурсайхан хэлсэн. УИХ-ын даргын нэрлэснээр улсаа хорлон сүйтгэгч дипломат ажилтнуудын зарим нь генерал болсон байдаг.
Хамгийн сүүлд гэхэд л БНТУ-ын Истамбул хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газрын Дэд консул Б.Баттүшиг, Б.Энхмөнх (ТЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Билэгтийн хүү), жолооч С.Эрдэнэбаяр, Ерөнхий консулаар сууж асан Э.Мөнх-Очирын туслах Алтансүх нарын холбогдоод байгаа хэрэг дэлхийг дэлдийлгэсэн. Энэ хэрэгт холбогдогчдоос Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар ХБНГУ-ын Дрезден хотын шүүхээс тус бүр 11 жил хоригдох ялаар шийтгүүлсэн. ГХЯ-ны хоёр сайдын жолоочоор ажиллаж байсан С.Эрдэнэбаяр нь БНПУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа тамхины хууль бус наймааны хэрэгт холбогдон тус улсын хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан гэдэг. Үүнийг манай ГХЯ-ныхан мэддэг байсан ч яагаад ийм хүнийг дахин гадаадад томилов гэдэг хачирхалтай.
Дипломат ажилтнуудаасаа их хөрөнгөлөг гэдэг байсан түүнийг БНТУ руу томилсон албан тушаалтан, сайд, дарга нар одоо ч байгаа төдийгүй бид жичдээ тодорхой мэдээлнэ. Манай хууль хяналтын байгууллагынхан тэднээс хариуцлага нэхвэл багагүй булхай илрүүлж магадгүй.
Истамбул хотод сууж асан Дэд консул Б.Энхмөнхийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Туркийн хууль хяналтынхан баривчилсан. Түүний гэм буруутай, эсэхийг дэнслэх шүүх хурал өнгөрсөн долдугаар сард болсон ч ирэх аравдугаар сар хүртэл хойшлуулсан юм. Учир дээрх шүүх хуралд гэрч, сэжигтнээр оролцсон турк иргэд “Бид монголчуудын заавраар ажиллаж байсан. Эдний дунд (Б.Энхмөнх, Алтансүх нар) гол зохион байгуулагч нь алга байна” хэмээн мэдүүлсэн тул тэр толгойлогчийн эрэлд гарсан юм байх.
Тэгвэл тэр хүн хэн байж таарах вэ. Ямар ч гэсэн монгол хүн байх нь. Учир мэдэх зарим хүний өгүүлж байгаагаар энэ хүн Истамбулд сууж асан Монгол Улсын Ерөнхий консул Э.Мөнх-Очир байх тун магадлалтай.
Учир нь дээрх хэрэгт ял шийтгүүлээд байгаа Дэд консул асан Б.Баттүшиг “Истамбулд Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар байгуулахад мөнгө хэрэгтэй байна” гэж манай дарга (Ерөнхий консул Э.Мөнх-Очир байх магадлалтай) хэлсэн. Би хэлснийх нь дагуу л хийсэн” гэж мэдүүлсэн байдаг юм байх. Дээр дурьдсан турк иргэд гол толгойлогч гэж Б.Баттүшиг, Б.Энхмөнх, С.Эрдэнэбаяр, Алтансүх нарыг хэлээгүй нь лавтай. Тэгэхээр утасны учиг Э.Мөнх-Очир луу хөтлөөд байгааг хэлэх хүн цөөнгүй байсан.
Туркээс ирснээсээ хойш Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намын нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан гэх хардлагад өртсөн Э.Мөнх-Очир тун чиг нам гүм амьдарч байгааг нь гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг болж байгаа юм гэх.