Даваа гариг тутамд хуралддаг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилна гэдэгчлэн урин дулаан цаг дуусаж буй энэ үед намар, өвлийн бэлтгэлээ базааж, бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажлуудаа шуурхайлж, цаг хугацаанд нь гүйцээх шаардлагатай байгааг онцоллоо.
Хурлын эхэнд уламжлал ёсоор үйлдвэрийн бүтцийн цех нэгжийн удирдлагууд өнгөрсөн 7 хоногийн ажлын явц, үүрэг даалгаврын биелэлт болон шинэ долоо хоногийн ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, мэдээлэл хийв. Үйлдвэрлэлийн цехүүдийн мэдээлэл энэ удаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар дэлгэрэнгүй танилцуулснаараа онцлог болсон. Тухайлбал, Ил уурхайд хэрэгжиж буй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих төслийн ажил өнөөдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн ажил энэ сарын 25-наас эхлэх юм байна. Уг төслийн тоног төхөөрөмж буюу шигшүүр, чулуу бутлагч, тэжээгч, асгаралтын туузан дамжуурга үйлдвэрлэл 100 хувь, бутлуур үйлдвэрлэл 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Авто тээврийн цехийнхэн өнгөрсөн 7 хоногт уулын цул гаргалтын төлөвлөгөөг 101.3 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөгөө 121.5 хувиар тус тус биелүүлсэн байна. Тус цехийнхэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг хангах чиглэлээр аж ахуйн тээврийн БелАЗ-75473 өөрөө хөрс буулгагчийг хөрс тээвэрт ашиглаж байгааг цехийн удирдлага мэдээлэв.
Баяжуулах үйлдвэрт баригдаж буй Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, барилгын газар шорооны ажил 93 хувь, бетон цутгалт 89 хувь, төмөр хийц нийлүүлэлт 100 хувь, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 99 хувийн гүйцэтгэлд хүрчээ. Түүнчлэн Хаягдлын аж ахуйд 18000 метр куб/цаг хүчин чадалтай насос суурилуулах ажил үргэлжилж байна. Мөн тус цех технологийн үндсэн тоног төхөөрөмж, эрчим хүчний тоног төхөөрөмж болон систем, аж ахуй, нийгмийн барилга байгууламж гэсэн гурван чиглэлээр намар, өвлийн бэлтгэл ханган ажиллаж байна.
Засвар механикийн заводыг машин механизмын үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд төслийн бэлтгэх ажил өрнөж байгаа бол Дулааны цахилгаан станц утаагүй түлш үйлдвэрлэлийг ирэх 9 дүгээр сарын дунд үеэс жигдрүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажлыг Барилга засварын цех, Барилга угсралтын цех, Дулааны цахилгаан станц, ХОХААБ-ын газар хамтран гүйцэтгэж байна.
Энэ онд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг болох Ус хангамжийн цехэд хийгдэж байгаа цэвэр усны 3 дугаар шугам барих ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэгч компаниуд шугам сүлжээний угсралтын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сарын 25-нд дуусгахаар төлөвлөжээ. Намар өвөлд бэлтгэх ажлын гол хэсэг нь их засварын ажлууд байдаг. Энэ жил үйлдвэрийн хэмжээнд 55 томоохон их засварын ажил төлөвлөснөөс 70 гаруй хувь нь хийгдсэн байгааг Механикийн хэлтсээс мэдээллээ.
Мэдээлэл технологийн хэлтсээс үйлдвэрийн нийт удирдлага, удирдах шатны ажилтнуудад хандаж, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл хийсэн. Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн цахим хаяганд 3000 орчим цахим халдлага, 162 вирус хандсаныг илрүүлэн, хамгаалалтын арга хэмжээ авчээ. Иймээс цахим халдлага, гэмт хэрэгт өртөхгүйн тулд ажилтан бүр цахим сүлжээгээр ирж буй сэжигтэй холбоосыг нээх, түгээхгүй байх зөвлөмж зааврыг баримталж ажиллахыг анхаарууллаа.
Өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн “Уурхайчин-1,2,3” орон сууцны хорооллын төсөл, тэдгээрийн захиалга, гүйцэтгэлийн явцын талаар Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх мэдээлэлдээ дэлгэрэнгүй дурьдав. Тэрээр “Уурхайчин-3” амины орон сууцны хорооллын захиалгын асуудлыг эргэж харах, судлах, “Уурхайчин-1” хорооллын цахилгаан эрчим хүчний гүйцэтгэл дээр зохион байгуулалт хийх зэрэг шаардлага байгааг дурьдав. Цех нэгжүүдийн мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нэг бүрчлэн санал солилцож, энэ оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудаа эрчимжүүлж, шуурхайлах хугацаатай үүрэг даалгавар өглөө. Мөн ТӨБЗГ-ын ээлжит хуралдааныг Эрдэнэт үйлдвэрт зохион байгуулж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын болон цаг үе, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь хэлэлцэж, шийдвэрлэх болсныг мэдээлэв. Тус хурлаар хэлэлцэх асуудлуудтай холбоотой танилцуулга, мэдээллийг боловсруулах, бэлтгэх үүрэг чиглэлийг холбогдох цех хэлтсийн удирдлагуудад даалгалаа.
Шуурхай хуралдааны төгсгөлд “ковид-19” цар тахлын аюул үргэлжилж, халдварын тархалт гарсаар байгаа тул цех нэгжүүд үйл ажиллагааны онцлогтой уялдуулан, халдварын эсрэг авах хэмжээний төлөвлөгөө гарган, мөрдөж ажиллахыг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх нар үүрэг болгосон. Цар тахалтай тэмцэх ажлыг үндсэн үйл ажиллагаатайгаа зэрэгцүүлэн, хариуцлагатай, санаачилгатай, сэтгэлтэй ажиллахыг бүтцийн цех нэгжийн бүх удирдлагад онцлон анхааруулав.