Бусдыг тонон дээрэмдэж, өмч хөрөнгө, мөнгө төгрөгийг нь булааж, луйвардаж, дээрэмдэж болохгүй, өөрийнх л биш бол бүр сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг ч байсан зөвшөөрөлгүй, хуулиас гадуур авч болохгүй.
Харамсалтай нь сүүлийн 30 гаруй жилд Монголын нийгэмд цагаан захтнуудын хулгай луйвар нүүрлэж, бүр цагаандаа гартлаа цэцэглэн дэлгэрлээ. Хэдэн арав, хэдэн зуун тэрбумаар нь завшин хулгайлж, бие биедээ давуу эрх олгож, эх орон, ард түмнээ хохироосон гэрээг үзэглэж, хөрөнгө бэлээ зузаатгадаг нь гэм биш зан болов.
Улстөр, банк санхүү, бизнес, хууль хяналтын байгууллагын төлөөлөл оролцсон зохион байгуулалттай бүлэглэлүүд үүсч, эрээ цээргүйгээр дээрэмдэж байна. Харийнхантай нийлж баялгаа цөлмөж, татвар төлөгчдийн мөнгийг хоослон, ил далд луйвардсаар Монголын эдийн засаг өр ширд баригдан өндийж тэнхрэхээ байлаа.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит компанийн 100 хувийн хөрөнгө оруулалт буюу 130 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан, олон улсын жишигт тэнцэх Монголын цор ганц эмнэлэг болох “Эрдэнэт Медипас” эмнэлгийг хэсэг хүмүүсийн бүлэглэл нууцаар, маш нарийн аргаар, улсад сохор зоос ч төлөлгүйгээр хувийн өмч болгон завшсан хэрэг явдал юм.
Төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдан авч хувьдаа завшдаг луйвар улаан цагаандаа гарсны тод жишээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 130 тэрбум төгрөгөөр баригдсан Япон, Францын хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Япон технологи бүхий “Эрдэнэт Медипас” эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлж, хэн оролцож, хэрхэн “бэлэглэснээ” үйлдвэрийн удирдлагууд одоо ч нам нууцалсан хэвээр. Тэр байтугай энэ өндөр өртөгтэй, орчин үеийн жишиг эмнэлэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын буюу улсын мэдлээс гарч, хувийн өмчид шилжин даруй зургаан жил болчихсон байсныг Монголын ард иргэд, эрдэнэтчүүдийн дийлэнх нь өнгөрсөн хавар УИХ-ын чуулган дээр Шадар сайд С.Амарсайханы танилцуулгаас л мэдэж авав.
Улсын, ард иргэдийн өмчийг олигарх бүлэглэл чимээгүй, сэмээрхэн хулгайлсныг С.Амарсайхан анхлан мэдээлсэн гэсэн үг.
Орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж бүхий цогцолбор эмнэлгийг байгуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Японы эрүүл мэндийн байгууллагуудтай менежментийн удирдлагын түвшинд хамтран, тус улсын эмнэлгийн үйлчилгээний менежментийг Монголд нутагшуулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” 2015 оны есдүгээр сард Японы эрүүл мэндийн хамтын ажиллагааг дэмжих “Mедипас” нийгэмлэг, Японы хөрөнгө орууулалттай гэх “Медипас” ХХК-тай урт хугацааны хамтран ажиллах гурван талт гэрээг анх байгуулсан байдаг. Гэрээг байгуулсан даруйд “Эрдэнэт үйлдвэр” 49 сая ам.долларын хөрөнгө бүхий “Эрдэнэт-Медикан” эмнэлгээ “Медипас” ХХК-д дөрвөн нөхцөлтэйгөөр шилжүүлэн өгсөн байна.
Энэ нь мэдээж нэгдүгээрт, Японы эрүүл мэндийн менежментийг нэвтрүүлэх, Японы хөрөнгө оруулалтаар нэмж 200 ортой эмнэлэг байгуулах, гуравдугаарт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, улмаар Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн бүс нутгийн иргэдэд үйлчлэх бүсийн оношилгоо эмчилгээний төв болгох, дөрөвдүгээрт уг эмнэлгийг байгуулахад гаргасан 130 тэрбум төгрөгийг Японы тал 18 жилийн дотор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т буцааж төлөх нөхцөлтэйгээр гэрээнд тусган ажлаа эхлүүлсэн байлаа.
“Эрдэнэт үйлдвэр” компанийн нийгэмд чиглэсэн хөгжлийн менежментийн хүрээнд босгосон хамгийн том бүтээн байгуулалт бол энэхүү оношилгоо, эмчилгээний “Эрдэнэт-Медикан” төв байсан юм. Олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо үйлчилгээг эх орондоо, тэр тусмаа Эрдэнэт хотдоо хийлгэдэг болох нь хэмээн монгол хүн бүр, тэр тусмаа эрдэнэтчүүд баярлан хөөрч байсан цаг саяхан.
Гэтэл баяр хөөр түр зуурынх байсныг, энэхүү хамтын ажиллагааны гэрээ гэдгийн цаана 100 хувь улсын хөрөнгөөр газар талбай авч, барилга байшингаа барьж, хамгийн шилдэг тоног төхөөрөмж худалдан авч байгуулсан 130 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийг дээр дурьдсан бүлэглэл хувьдаа завшин 100 хувь хувийн эзэмшилд шилжүүлж байсныг хэн ч гадарлаагүй юм.
Энд маш том хуйвалдаан, луйврын схем зурагдаж хэрэгжсэн байдаг.
Тийм ч болоод тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан ноён Ц.Даваацэрэнг энэ луйвартай холбогдуулж, АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст, “..эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, 130 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хувийн “Медипас” компанид шилжүүлэн өгч, улсад онц хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол гаран өдгөө эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхэлжээ.
Менежментийн хувьчлалаар япончуудад өгөө л биз. Ямар хятадуудад өгсөн биш. Бидэнд япончуудынх шиг чадвар байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-т гаргасан хөрөнгө мөнгийг эргүүлж төлөх л юм байна гэж өмөөрөх хүмүүс ч гарч ирж байх шиг байна.
Тэгвэл гэрээ ёсоор жил бүр “Медипас” ХХК –иас Монголын талд буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2 тэрбум төгрөг төлж байх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл хачирхалтай, санаанд багтамгүй нөхцөлөөр энэ мөнгийг “Эрдэнэт” үйлдвэрт өгч байсан байдаг юм. Яаж гэхээр,”Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2 тэрбумыг өөрөөс нь жил бүр аваад түүнийхээ 1.5 тэрбумыг нь буцааж өгдөг байж…
Ингэтлээ цагаандаа гарсан дээрэм гэж байх уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувийг ХХБанк авчихсан байсныг Монголын төр буцааж авсан. Ингэснээр тус үйлдвэр 100 хувь төрийн өмчит компани болсон. Тэгэхээр улсаас 100 хувь хөрөнгийг нь гаргаж барьж байгуулсан “Медипас” эмнэлэг бол Монголын ард түмний өмч юм. “Эрдэнэт үйлдвэр”-ээс асар их хөрөнгө гаргаж ард түмэндээ, эрдэнэтчүүдэд үлдээсэн маш том хөрөнгө оруулалт.
Тийм ч учраас эмнэлгийн нээлт дээр төр, засгийн удирдлагууд, сайд дарга нар “… Энэ бол Эрдэнэт үйлдвэрээс ард түмэндээ барьж буй бэлэг, Улаанбаатарт буй хувийн эмнэлгүүдээс 10 хувийн бага үнээр үйлчилгээ үзүүлнэ, Бүсийн эмчилгээ оношилгооны том төв болгоно…” хэмээн ам мэдэн ярьж байсан бичлэг нь баримт болон үлдсэн байдаг. Гэтэл ард түмэнд биш хэсэг нөхдөд хуйвалдан бэлэглэсэн байж гэдгийг, 2016 оноос хойш уг эмнэлэг улсын биш хувийн хэвшил гэж бүртгэгдсэн байсныг сая л монголчуудад Шадар сайд хэлж өглөө.
Төрийн өмчийн үйлдвэрээс 100 хувь хөрөнгө гаргуулаад, эргүүлээд төлж барагдуулах ёстой мөнгөө мөн төрийн үйлдвэрээс өөрөөс нь гаргуулж өөрт нь буцааж өгч төлдөг ийм нөхцөлийг хэн гээч эрх мэдэлтэн хүлээн зөвшөөрсөн байж таарах вэ?
“Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдлагууд яагаад энд хяналт тавьсангүй өдий хүрэв!
Эмнэлгийн үйлчилгээнд гадаад руу урсаж буй асар их валютын урсгалыг Монголдоо үлдээх, дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэмээн зорилгоо тодорхойлсон “Эрдэнэт медипас” эмнэлгийн эмчилгээ, оношилгооны үнэ тариф ч амласан ёсоор 10 хувь хямд байсангүй.
Улаанбаатарын хувийн том эмнэлгүүдийн тарифтай ижил, бараг илүү ч үнэтэй үйлчилдэг нь хувьд шилжсэний нотолгоо байж. Энэ эмнэлгийг хувьд нууцаар шилжүүлсэн үйлдлийн цаадах маш том хуйвалдааныг бид илчлэхийн төлөө ажиллана. Монголчууд хэдий болтол ингэж ямагт дарлуулж, ноомой царайлж явах ёстой юм.
Халдварт цар тахал хурдтай тархаж буй онцгой энэ цаг үед энэ том эмнэлэг монгол хүний төлөө үйлчилж байх ёстой…
Өвдөж шаналж буй хүмүүст ор хүрэлцэхгүйгээс Засгийн газар аргаа барж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд туйлдаж байна. Орхон аймагт ч гэсэн МҮСТ-ийн байрыг суллан өвчнүүдийг хэвтүүлж байхад хамгийн орчин үеийн энэ том эмнэлэг аль хэдийнэ хувьд шилжээд мөнгөтэй, эрх мэдэлтэй хэсэгхэн хүнд үйлчилж байгаа нь зүйд нийцэх үү?
Уг нь “Медипас” ХХК-тай байгуулсан энэхүү шударга бус гэрээг цуцлах шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -аас гаргасан юм.
Гэтэл “Медипас” ХХК уг шийдвэрийг эсэргүүцэж, Сингапурын олон улсын Арбитрт 2020 оны арванхоёрдугаар сарын 9 өдөр нэхэмжлэл гаргаж, гэрээг цуцлахтай холбоотойгоор гэрээнд заасан асар их дүн бүхий төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргуулахаар ичгүүргүйгээр заргалдан маргаан үүсгэчихээд байна. Урагшгүй, шуналтай бүлэг хүмүүсийн уршгаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дахин Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдлаа. Маргааныг шийдвэрлэх анхны хурал удахгүй Сингапурт болно.
Монгол Улсын Засгийн газар харин 120 гаруй эмч, эмнэлгийн ажилчидтай, өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай Япон, Францын хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй, лабораторын бүх төрлийн шинжилгээ, мэс заслын тусламж, дурангийн хагалгаа болон цус тогтоох ажилбар, компьютер томограф, МRI, рентген зураг авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх эмчилгээ үйлчилгээг тасралтгүй 24 цагаар хийдэг энэ эмнэлгээ буцааж авах байр суурь дээр хатуу зогсож байгаа нь талархалтай юм.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С. Амарсайхан “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахлын амаргүй үед зориулалтын дагуу даруй ашиглах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгож байсныг эргэн саная.
Тухайн үед холбогдох саналыг боловсруулж УОК-ын ээлжит хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Ганбат, Шадар сайдын Ажлын албаны дарга Ц. Уртнасан нарт үүрэг болгож байсан ч наадам, тахилга, олимп, тахал, тарваганы мах хураалт гэж гуйваад чимээгүй болов.
Эрхэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох огцрохгүйн асуудалтайгаа ноцолдоод бүр сураггүй… Уг нь тэр энэ мэт алдсан мөнгөө олж ирээд байвал танхим нь тогтвортой ажиллах томоом том гавьяануудын нэг болох байлтай.
НАЖ МОГОЙ Үндэсний холбоо