Их дээд сургууль, коллежид элсэн суралцах хүсэлтэй иргэдээс авдаг “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ыг 2021 оны 8 дугаар сарын 19, 20, 21, 22- ны өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.Эдгээр өдрүүдэд шалгалттай холбоотой буруу ташаа ойлголт төрүүлсэн, иргэдийг төөрөгдүүлсэн зарим мэдээлэл олон нийтийн дунд гарч байна. Тухайлбал, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан хими болон нийгэм судлал хичээлийн шалгалтын материал задарсан, шалгалт эхлэхээс өмнө шалгалтын материал нийгмийн сүлжээнд зураг хэлбэрээр байршсан гэсэн мэдээлэл гарсан байна.Элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв, даалгавар нь Боловсрол, шинжлэх ухааны яамны албаны нууцын жагсаалтад хамаарагддаг бөгөөд сэдэв задрах, нууцлал алдагдах боломжгүй бөгөөд сэдэв, даалгавартай холбогдох ажил Нийслэлийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах газар, Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн албаны бүрэн хяналт, хамгаалалт дор хийгддэг. Хими болон нийгэм судлал хичээлийн шалгалтын сэдэв задарсан гэх мэдээлэл нь худал бөгөөд зарим нэг ашиг хонжоо хайгч этгээдүүд шалгалт өгч байгаа иргэдийн сэтгэл зүйг ашиглаж, зохион байгуулалттайгаар нийгэмд бухимдал үүсгэх, өөр зорилго агуулан мэдээлэл түгээж байна. Харин “Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журам”-д шалгалтын үеэр ашиглахыг хориглосон эд зүйлс тухайлбал, гар утас нууж авч ороод шалгалтын материалын зураг авч шалгалтын дэг зөрчсөн шалгуулагчдын дүн оноог журамд заасны дагуу хүчингүй болгох арга хэмжээ авах болно.Иймд нийт шалгуулагч, эцэг эх, асран хамгаалагчдад анхааруулахад дээр дурдсан худал ташаа мэдээлэлд итгэж өөрийн итгэл үнэмшил болоод бие, сэтгэл санаагаар хохирохгүй байхыг сануулж, шалгуулагчид зөвхөн өөрөө өөртөө итгэж мэдлэг чадвараа бодитой үнэлүүлж шалгалтад амжилттай дүн үзүүлэхийг хүсье.БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ