ОУХМ Х.Болортуяад “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ынхан хүндэтгэл үзүүлэв

2021-08-20
1 min read

Эрдэнэт хотын унаган охин, Олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа “Токио 2020” зуны 32 дахь олимпод амжилттай оролцоод ирсэн билээ. Тэрээр олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдаж, 10 дугаар байранд шалгарсан юм. Олимпын наадамд анх удаа оролцсон түүнийг өнөөдөр Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг “Энх Эрдэнэтийн хөгжил”, “Бид зорилготой залуус”  Төрийн бус байгууллагуудын тэргүүлэгчид хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. “Хүн төрөлхтний спортын их наадамд оролцох эрх авч, Монгол улс, Эрдэнэт хотоо төлөөлөн оролцсон, өсөх ирээдүйтэй чөлөөт бөхийн тамирчин Х.Болортуяад залуу үеийнхнийхээ нэрийн өмнөөс баяр хүргэж, спортын амжилт хүсье” хэмээн “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын тэргүүлэгч Ж.Мөнх-Оргил онцлов. Хүндэтгэл үзүүлэх ёслолд ОУХМ Х.Болортуяагийн багш, Эрдэнэт хотын “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагч ОУХМ Б.Идэрсайхан нар оролцлоо. Тэрээр хүндэтгэл үзүүлж буй явдалд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өөрийн шавь Х.Болортуяагаа 13 настай байхад нь анх бөхийн спортоор хичээллэх санал тавьж, түүнийг дасгалжуулж эхэлсэн дурсамжаасаа хуваалцав. “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ынхан багш шавь хоёрт алд цэнхэр хадаг, мөнгөн аяга, мөнгөн урамшууллын хамт гардууллаа.   

Орчуулах »
error: Content is protected !!