ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооноос Хотын даргыг хүндэт гишүүнээр өргөмжиллөө

2021-08-20
1 min read

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн /ШУТИС/ Төгсөгчдийн холбооноос Хотын дарга Д.Сумъяабазарыг “Төгсөгчдийн холбооны хүндэт гишүүн”-ээр өргөмжилж, үнэмлэх, тэмдгийг өнөөдөр гардуулан өглөө. 

ШУТИС нь 1959 онд анхны төгсөгчөө өлгийдөн авснаас хойш 50 жилийн дараа буюу 2009 онд Төгсөгчдийн холбоог үүсгэн байгуулжээ. Тус холбоо нь сургууль, төгсөгчдийн гүүр болж эргэх холбоотой ажиллах үүднээс анхлан бий болсон бөгөөд өдгөө 72 мянга гаруй төгсөгчтэй юм. Сургууль төгсөгчдийн 60 жилийн ойн хүрээнд буюу 2019 онд 60 хүндэт төгсөгчийг нэрлэн медаль гардуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны наймдугаар сарын 8-ны 39 тоот шийдвэрээр “Төгсөгчдийн холбооны хүндэт гишүүн”-ээр өргөмжилжээ. Хотын дарга тус тэмдгийг авч буй зургаа дахь төгсөгч аж. Тэмдгийн агуулгыг дурдвал “Өлзий хээ” нь баяр жаргал, урт удаан наслах, “Очир хээ буюу Нацагдорж” нь дөрвөн зүг найман зовхист харилцаа холбоотой байхын сацуу элдэв муу зүйлээс хамгаалахыг бэлгэддэг байна. Харин “Хорол хээ”-г зогсолтгүй эргэх бат бэхийн бэлгэдэл болгон хүндэт тэмдгээ урлажээ.

Хотын дарга Д.Сумъяабазар ШУТИС-ийн Компьютер, техникийн менежментийн сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавраар суралцан төгссөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Орчуулах »
error: Content is protected !!