Саарал усыг ундны уснаас бусад бүх зүйлд ашиглана

2021-08-19
1 min read

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг шинэ цэвэрлэх байгууламжтай уялдуулж барих ёстой. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд баригдах юм. Шинэ төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэн гарах уснаас хоногт 50 мянган шоо метрийг авч дахин боловсруулна. Дахин боловсруулж цэвэрлэсэн усыг эхний ээлжид III, IV цахилгаан станцад нийлүүлнэ. Одоо бол тус хоёр станц хөргүүртээ цэвэр ус ашиглаж байгаа.

Саарал усыг ундны уснаас бусад бүх зүйлд ашиглах боломжтой юм. Бид 2016, 2017, 2018 онд цэвэрлэх байгууламжийн хур лагийг цэвэрлэсэн. Одоо бараг үнэртэхгүй болчихсон. Дараагийн асуудал бол шинэ цэвэрлэх байгууламжийн асуудал яригдаж байна. Барилга, хот байгуулалтын сайд газар дээр нь ажиллаж, үүрэг чиглэл өглөө. Тэр чиглэл, үүргийн дагуу ажиллана. Хуучин цэвэрлэх байгууламж 60 гаруй жил болчихсон. Орос технологиор барьсан, хүчин чадал нь хоногт 160-170 мянган шоо метр усыг цэвэрлэдэг. Өнөөдөр Улаанбаатар хот 1.2 сая хүн амтай. Хүн ам ихэссэн, хөрсний ус элбэг байна. 197.200 шоо метр ус ирж байна. Тиймээс зайлшгүй шинэ цэвэрлэх байгууламж шаардлагатай. Барилга угсралтын ажил 30 орчим хувьтай явна. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон ч хуучин цэвэрлэх байгууламжаа хамт ажиллуулах юм. Ингэснээр хоногт 410 мянган шоо метр усыг цэвэрлэх боломжтой болно” хэмээн ярилаа.

Орчуулах »
error: Content is protected !!