АН нөхөн сонгуульд бутарсан ноёдоо нэгтгээд хамтарч оролцоно гэж байгаа ч эрх баригчдын хүсэл энэ чигээр нь самарсаар дуусгах. Тиймээс сөрөг бус сөлир хүчин болчихоод буй энэ намын эрх мэдлийн төлөөх дотоод тэмцэл цурманд орохгүй биз.
Нэр дэвшигчид нь ч МАН-ын захиалгаар тодорно гэчихэд хол зөрөхгүй.
Ямартай ч М.Тулгат даргатай АН-ынхан Хэнтийн тойрогт ач холбогдол өгч ажиллаж байгаа. С.Эрдэнэ, Б.Гарамгайбаатар нар Хэнтий аймагт ажиллаад ирсэн гэх бөгөөд нөхөн сонгуулиар Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр тойрог усалж яваа болов уу.
Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас Хэнтий аймагт М.Хүдэрбаатарыг нэрлэсэн. Олон жил сойгдсон М.Хүдэрбаатар сонгуульд одтой нэгэн биш. Гэсэн ч О.Цогтгэрэлийн гол найдвар нь.
Гурав дахь хувилбар бүхий таамаг нь Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга бие даах /МоАХ/ сураг бий. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай тохиролцоонд хүрвэл Сонгинохайрхан дүүргийг орхиж, Хэнтийн зүг хөдөлнө.
Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт өрсөлдөхөөр эртнээс бэлтгэлээ базаасан. Цэцийн шийдвэр гарч, Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болсон цагаас эхлэн Д.Сумъяабазартай сэм тохирсныг нь улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа. Энэ үнэн бол хотын мээр намынхаа, тэр дундаа генсэкийнхээ эсрэг ажиллаж байгаа гэсэн үг.
Ямартаа ч Д.Сумъяабазарыг огцруулах бичгийг ХҮН-аас НИТХ-д сонгогдсон Л.Наранбаяр өргөн барихаар гарын үсэг цуглуулахад АН-ын бүлгийн гишүүд хөдлөөгүйг мартаж болохгүй.
Тухайн үед Л.Наранбаярыг МАН-ын генсэк Д.Амарбаясгалангийн захиалгаар хотын даргыг огцруулах акц өрнүүлж, гарын үсэг цуглуулсан гэж Д.Сумъяабазарын талынхан үзэж байв. Орон нутгийн сонгуулиас хойш таагүй харилцаатай болсон хотын дарга, эрх баригч намын генсэк хоёрын харилцаа олны нүдэнд олзлогдож байсан үе.
Харин эл акцид үл нэгдэн, гарын үсэг зурж болохгүйг НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд Х.Баттулга анхааруулж, хэрэгжилтэд нь асашёрюү Д.Дагвадорж хяналт тавин ажилласан гэдэг. Хариу нь Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулиар дэмжлэг үзүүлж туслахаар болсон гэлцээд өнгөрсөн.
Учир нь Сонгинохайрхан дүүрэг Д.Сумъяабазарын гэх тодотголтой болоод удаж байгаа. Дүүргийн Засаг даргаас эхлээд хорооны төлгөн дарга нар хүртэл түүний командынх. Тиймдээ дүүргийн МАН-ын хорооны зарим удирдлага Х.Баттулгад тусалж байгаа мэдээлэл цацагдаж, Тусгаар тогтнолын ордонд “түймэр” ассан удаатай.
Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан нарын харилцаа АН-ын дотоод дахь хагарал мэт өдөр ирэх бүр муудаж байгаа. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Х.Нямбаатарыг голлох үүрэгтэй ажиллах даалгаврыг намаас өгсөн болов уу.
Х.Баттулгын хувьд АН-аас нэр дэвших боломж хомс. О.Цогтгэрэл талын АН халаасанд нь бий ч уршиг ихтэй. Тэгэхээр бие даах хүслээр бэлтгэлээ базаасан байх.
Гэхдээ эл тойрогт МАН-ын генсэк Д.Амарбаясгалан нэр дэвшиж магадгүй байгаа нь Женкогийн хувилбарыг өөрчлөхөд хүргээд байгаа гэнэ. Тэдний хэн хэн нь нэг тойрогт халзагнахыг хүсэхгүй тул ясны бизнесч Х.Баттулгад эрхэм генсэкийн зүгээс нөхөн сонгуульд зарцуулах зардлын нь мөнгийг өгөөд Хэнтий рүү хүлгийн жолоо эргүүлэх санал тавих биз. Х.Баттулга ч татгалзахгүй. Учир нь түүнд Сонгинохайрханаас илүү Хэнтийн иргэд саналаа өгөх магадлал нь өндөр юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө У.Хүрэлсүхийг дэмжиж байгаагаа ил зарласан. Түүний хөтөч “Херо” Б.Баатар хүртэл У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлснээр найрал дууны баг болох О.Цогтгэрэлийн АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш суусан билээ. Тэгээд Х.Баттулга улс төрд эргэн ирэхээ мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн хувиар өгсөн сүүлийн 60 минутын ярилцлагадаа гурвантаа тодотгосон шүү дээ. Тэгэхээр нөхөн сонгуулиас өөр хэзээ, ямар нөхцөлд эргэн ирэх гэж…
У.Хүрэлсүхийг дэмжиж ажилласны шагналд Хэнтийн тойрог, буудуулах шампансктайгаа хамт, бүр зарцуулах зардалтайгаа цуг ирж байхад тэгтэл татгалзана гэж үү.
Эл тойрогт ээжийн минь нутаг гээд Н.Энхбаяр санаа бий ч жинхэнэ эцэг нь Намбар биш Дадал зүгийн өвгөн одоо ч амьд сэрүүн бий гэх жалга дов дамжсан хов угтаж болзошгүй тул төдийлөн хол явахгүй биз.
Тэгэхээр Х.Баттулга парламентын босго давж чадвал Н.Алтанхуягтай ойр ажиллах нь лавтай. Ерөнхийлөгчийн суудлаас өндөр рейтингтэй буусан, одоо ч Засгийн газраас илүү нэр хүндтэй яваа түүнд нөхөн сонгуулийн дэвжээ ээлтэй, зөөлөн байх нь тодорхой юм.
Тэрбээр УИХ-ын гишүүн болж, Н.Алтанхуягтай ойлголцоод УИХ дахь АН-ын бүлгийг бүрэн атгаж, тарж бутарсан намаа эмхлэн эвлүүлсээр 2024 оны сонгуультай золгоно. Эс чадваас Ц.Элбэгдорж шиг гутлаа тослож, хувцсаа гөвөөд хуулийн байгууллагын үүд сахьсан “өвгөн” болох биз.