Багануур дүүрэгт коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдлээ

2020-11-21
1 min read

Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүрэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-д PCR шинжилгээ хийлгэхэд тухайн тохиолдол батлагдсан болохыг тус дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн мэдээлжээ.

“Багануурчууддаа яаралтай хүргэх мэдээ байна. Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ рүү явуулсан PCR шинжилгээний хариу батлагдаж ирлээ. Ингэснээр Багануур дүүрэгт коронавирусээр өвчилсөн нэг тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор хэлье. Халдвар илэрсэнтэй холбоотой гэрийн дэглэм сахиж, хүн хоорондын зайг баримталж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг хүсье” гэлээ.

Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хойш хавьтлыг тодорхойлох яаралтай хийж, ойрын хавьтал 17, дам хавьтал 20 хүнд түргэвчилсэн сорил тавихад сөрөг гарсан байна. Эдгээр 37 хүний шинжилгээг PCR шинжилгээ хийлгэхээр ХӨСҮТ уруу илгээжээ. Өчигдөр тус дүүрэгт 92 хүн сайн дурын шинжилгээ хийлгэсэн бөгөөд түргэвчилсэн шинжилгээ мөн сөрөг гарчээ.

Иргэд гэрээсээ гарахгүй байж, амны хаалт зүүж, гараа тогтмол угааж мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг ягштал баримталж чадвал бид энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна хэмээн дүүргийн онцгой комисс мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!