УБТЗ: Төмөр замын аюултай бүсийн дэглэмийг чанд сахихыг анхааруулж байна

2021-08-12
1 min read

Төмөр замын аюултай бүсээр явган зорчигчид  зөвхөн зөвшөөрөгдсөн гарц гармаар анхаарал болгоомжтой нэвтрэн өнгөрөх ёстой байдаг. Гэтэл галт тэрэг ирж байхад төмөр замын голоос хүн гарахгүй байх тохиолдол гарсаар байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдал,  иргэдийн амь насанд ноцтой эрсдэл учруулж байна.

Ийм үзэгдэл 2021 он гарснаас хойш Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүнс трейд” ХХК-ийн автобусны буудлын ойролцоо болон  Залуус хорооллын урдах төмөр замын гарц, гармын орчим 8 удаа, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван шар, Москва, 1 дүгээр хорооллын урдах төмөр зам дээгүүрх гарц гармын орчим 10 удаа, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар, Мандал, Баянгол сумын нутаг дэвсгэрт 11 удаа гарснаас болж галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон байна.

Галт тэрэг яаралтай тоормос хийсэн тохиолдолд 800-1000 метр явж байж зогсдог тул явган зорчигчид төмөр зам дээгүүр яаралгүй анхаарал болгоомжтой нэвтрэн өнгөрөх нь амь насаа эрсдэлээс хамгаална.

Намар болж хүмүүсийн хөл хөдөлгөөн эрчимжиж байгаа энэ үед төмөр замын гармаар нэвтрэн өнгөрөхдөө төмөр замын аюултай бүсийн дэглэмийг чанд сахин биелүүлж, анхаарал болгоомжтой зорчихыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс анхааруулж байна.

Орчуулах »
error: Content is protected !!