У.Хүрэлсүх: Зэвсэгт хүчин цөлжилт, шороон шуургатай тэмцэхэд хувь нэмрээ оруулах ёстой

2021-08-12
1 min read

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа. Батлан хамгаалах яамы удирдлагууд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нар батлан хамгаалах бодлого, зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол Улсын аюулгүй байдлын орчин, Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулав.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас эрдэнэт хүний амь нас эрсдэж, мал, эд материалын их хэмжээний хохирол учрах болсон. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд л хэд хэдэн аймгийг хамарсан хүчтэй шороон болон цасан шуурганд 10 иргэн, түүний дотор хоёр хүүхэд амиа алдаж нөхөж баршгүй гарз тохиож байлаа. “Нийт нутгийн 70 гаруй хувь нь бэлчээрийн доройтолд өртсөн энэ үед байгаль экологи, ялангуяа цөлжилт, шороон шуургатай тэмцэх, гамшгаас хамгаалахад Зэвсэгт хүчин хувь нэмрээ оруулах ёстой. Бүрэн эрхийнхээ хугацаанд буюу ирэх зургаан жил үүнд онцгой анхаарч, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. Арми жинхэнэ эр хүн болгодог, өрхийн тэргүүн бэлтгэдэг салбар байхын тулд алба хаагчдыг соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй явуулах, бүх шатанд сахилга бат, хариуцлагыг чангатгах, цаашид Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран ажиллах зэргийг чиглэл болгов. Мөн салбарын хөрөнгө оруулалт болон бусад тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ хэллээ.

Орчуулах »
error: Content is protected !!