Эрдэнэт үйлдвэрийн хоёрдугаар улирлын “Аюулгүй ажиллагчид” шалгарлаа

2021-08-11
1 min read

“Нэн түрүүнд-ХАБ” уриатай Эрдэнэт үйлдвэр улирал тутамд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг чанд баримталж, аюулгүй ажиллагааг өндөр түвшинд ханган ажиллаж буй шилдэг ажилтнуудыг тодруулдаг. Үүний дагуу 2021 оны 2-р улирлын “Аюулгүй ажиллагчид” тодорч, шагналаа гардлаа. “Аюулгүй ажиллагч” нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын үнэлгээний комиссын санал дүгнэлт, шалгуур үзүүлэлтээр тодордог. Өнгөрсөн хоёрдугаар улиралд ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажлын үр дүнгээр Ил уурхай, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Тээвэр ложистикийн төв, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын  цогцолборын хамт олон  тэргүүн байр эзэллээ. Мөн ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон, аюул эрсдэлийг илрүүлэн мэдээлж, үр ашигтай санал дэвшүүлсэн ажилтнууд хувийн хамгаалах хэрэгслээр шагнуулж,  “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад  анх удаа бүртгүүлэв. 

     Тус жагсаалтад хоёр дахь удаа бүртгэгдсэн ажилтнуудтай “Зөв ажиллацгаая” сэдэвт  алдаршуулах уулзалт ярилцлага зайнаас хийж, ХАБЭА-н талаар санал бодлоо солилцов.  Энэ удаа асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцогч ажилтнаар Баяжуулах үйлдвэрийн конвейерын машинч Э.Азжаргал шалгарсан бол хамгийн олон асуудал илрүүлэгчээр  шүүлтүүрчин Б.Эрдэнэцэцэг, хамгийн идэвхтэй санал гаргагчаар Авто тээврийн цехийн моторчин О.Говиллхасүрэн, хамгийн олон асуудал илрүүлэгчээр тус цехийн цахилгаанчин Э.Алтангэрэл нарын 13  ажилтныг “Аюулгүй ажиллагч”-аар алдаршууллаа. 

     Аюулгүй ажилтны жагсаалтад бичигдсэн ажилтнууд нь “Аюулыг мэдээлэх хуудас”, нээлттэй утас 71300, цахим шуудан ашиглан өөрсдийн болон бусдын ажлын байранд гарч болзошгүй аюул, эрсдэлийг зохих шатны удирдах ажилтнуудад мэдээлж арилгах, бууруулах арга хэмжээг авч, өөрийгөө болон хамтран ажиллагчдаа осол гэмтэлд өртөх, хурц хордлого болон мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөхөөс урьдчилан сэргийлэхэд өөрсдийн сэтгэл зүтгэл, идэвх санаачилгатай ажиллах зэрэг шалгуурыг хангасан байдаг аж. 

Орчуулах »