Монгол Улс Венесуэлийн түүхийг давтахаар бэлтгэл ажлаа базааж байна. Эдийн засгийн гүн хямралд ороод байгаа Венесуэл улсын Төв банк шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргаж байсан нь саяхан. Том мөнгөн дэвсгэрт гаргахын хэрээр иргэдийн гар дээрх мөнгөн дэвсгэрт цаас болон хувирч, эдийн засгийн эргэлт зогсон бараа, бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэж, валют чангарч, ард түмний амьжиргааны түвшин дордон турж үхэх аюул нүүрлэснийг дэлхий нийтээрээ харж, халаглав.
Яг энэ замыг сонгон УИХ-ын дарга Г.Занданшатар болон Төв банкны удирдлага нүдээ анин алхахаар шийдлээ.
Долоо хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч, том мөнгөн дэвсгэрт гаргах ажлыг даалгасан. УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Дөлгөөн ч толгой дохиод ажилдаа оров. Тэд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг шахаж, орон зайг нь нөхөх том мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэх нь эдийн засагт ээлтэй гэх элийрсэн тайлбарыг хийж байна.
Угаасаа 50 000, 100 000 дэвсгэрт зах зээлд гарснаар 1, 5, 10, 20, 50, 100 төгрөг гүйлгээнээс шахагдах нь үнэн.
Тэгэхээр эрхэм Спикерийн эл шийдвэр, үг үйлдэл нь Төгрөгийн ханш суларч, эдийн засаг туйлдсаныг зарлан мэдээлсэн хэлбэр юм.
Нөгөөтэйгүүр, эрх баригчдад гүйлгээний бүртгэлгүй, тээвэрлэж зөөх, улмаар нэрээ нууцлахыг хүссэн хууль бус үйл ажиллагаа эрхлэхэд зохимжтой буюу мөнгө угаах, авлига хээл хахууль авч өгөлцөхөд хялбар, хамгийн тохиромжтой механизм хэрэг болж.
Европын холбоо 500 еврогийн дэвсгэрт гаргаснаа буцаан татсан жишээ бий. Учир нь Европын холбооны дэргэдэх Цагдаагийн агентлаг Европол, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын хийсэн судалгаагаар 500 еврогийн дэвсгэрт бүхий 1сая еврогийн жин ердөө 2кг татаж байсан бол 100 еврогийн дэвсгэрт бүхий 1сая доллар нь 22кг-тай тэнцэх хэмжээний жинтэй байж. Тиймээс энэ нь мөнгө угаах, хар тамхины наймаа, татвараас зайлсхийх зэрэг бэлэн мөнгөөр үйлдэгддэг гэмт хэргийг илүү хялбарчилж өгөх болно гэж үзсэнээс 500 еврогийн дэвсгэртээ гүйлгээнээс буцаан татсан байдаг.
Өнгөрсөн оны эхээр Монголбанк 50 000 дэвсгэрт гаргахаар зэхэж байсан удаатай. Тухайн үед мөн өнөөгийн санаачлагчид 20 000 дэвсгэрт 7 ам.доллартай тэнцэж байгаа тул 50 000 дэвсгэрт гаргана гэх утга бүхий санаа гаргаж, түлхүүрдэж байв.
Гэвч олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, бүтэлгүйтсэн.
Угтаа Монголбанк нь том дэвсгэрт хэвлэх гэж зүтгэх бус 20000-тын дэвсгэртээ 7 бус 10 ам.доллар түүнээс дээш доллартай тэнцэх бодлого боловсруулж ажиллах ёстой биш үү.
Том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргаснаар бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, төгрөгийн ханш шалаар нэг хөглөрнө гэх өчүүхэн атугай мэдлэг эрхэм Спикерт алга уу… Эсвэл хэн нэгний гар хөл болж, энэ Засгийн газрыг нэгмөсөн хөнтрөх хорон нүүдлийн эхлэл үү?!
Олон удаагийн хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүдийн орлого тасарч олонх нь хаалгаа барьсан, Г.Занданшатар дарга аа.
Экспорт 50 хувиар тасалдан эдийн засаг 5.3 хувиар агшчихсан. Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч үр дүнгүй, эзэндээ хүрэхгүй, энэ зууны хамгийн муу хөтөлбөр болж байна.
Нотолгоо нь инфляци.
Ийм үед том мөнгөн дэвсгэрт гаргах нь шийдэл биш гэдгийг тоо бүртгэгчийн хүү, дээр нь өөрөө эдийн засагч Г.Занданшатар мэдэхгүй байна гэдэг эмгэнэл.
Төвбанкны одоогийн удирдлага Б.Лхагвасүрэнг Г.Занданшатараас салгаж харах боломжгүй. Нэг тэрэгний хоёр дугуй, гар нийлсэн хамтрагчид гэдгийг улстөрийн хүрээнийхэн андахгүй. Г.Занданшатар УИХ-ын даргын албан тушаалд очмогцоо тухайн үеийн удирдлага болох Н.Баяртсайханыг ээлжгүй чичилсээр буулгаж өөрийн хүнээ ичгүүртэйгээр томилсон нь Б.Лхагвасүрэн.
Уг нь төвбанкны Ерөнхийлөгч нь хөөгдөж байхад дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагвасүрэн дэвших битгий хэл дагаад арилах учиртай байв. Тэр хөөгдөөгүйнхээ төлөөсөнд мөнгөний бодлогоо самарч, эрх баригч намын 100 жилийн ойг тохиолдуулан намын дарга Л.Оюун-Эрдэнэ болон түүний тэргүүлсэн Засгийн газрын хувь заяанд эрхэм спикер Г.Занданшатарын зүгээс барьж буй “бэлэг” болох 100 мянгатын дэвсгэртийг хэвлүүлэх гээд чичрэн дайрч буй нь эмгэнэлтэй хэрэг.
Л.Оюун-Эрдэнийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн болж, МАН-ын даргын суудалд заларсан цагаас эхлэн Монголбанкны бодлого өөрчлөгдөж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны эсрэг ажилласаар байгаа гээд дүгнэчихэд төдийлөн хилсдэж, зөрөхгүй.
Төсөв, мөнгөний бодлогыг харсан эдийн засагчид ч энэ талаар тодорхой жишээтэйгээр ярьж байна.
Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн автортай 10 их наядын хөтөлбөр Төвбанкаар дамжин хэрэгжиж байгаа ч, харамсалтай нь хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас Монголбанк Сангийн яамтай тэрсэлдэж ирэв. Тэр бүү хэл, хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө 1 их наяд төгрөг татаж тохуурхсан.
Үүний уршгаар хөтөлбөр үнэгүйдэж, үр дүн балартсан нь нийтэд ил жишээ.
Б.Лхагвасүрэнд ерөнхий удирдлага шилжсэнээс хойш Монголбанк чиг үүргийн бус үйл ажиллагаанд хэт хутгалдах болсон нь үнэн. Орон сууцны үнэ тэнгэрт хадсан явдал түүний удирдаж буй бодлогын алдааны уршиг. Төвбанк судалгаанд суурилсан алсын хараатай, бие даасан бодлого бүтээх чадваргүй болж, арилжааны болон гадны компанийн утсан хүүхэлдэй шиг ажиллаж байгааг эдийн засагчид ил шүүмжилж байна.
Банк бус санхүүгийн байгууллагын эзэд төвбанкинд ажилладаг, ашиг сонирхлын зөрчилтэй тэдгээр нөхдийнхөө аманд мэдлэг дулимаг, ажил гүйцэтгэх чадваргүйнхээ гороор багтчихсан энэ нөхөр өнөөдрийг хүртэл Засгийн газрын эсрэг бодлого явуулсаар байгаа нь анхаарлын гадна үлдээх сэдэв биш.
Европ хүртэл том мөнгөн дэвсгэртээс татгалзаж, дэлхий нийт цахим мөнгөний хэрэглээнд шилжиж байгаа энэ үед Спикерийн эдийн засгийн мэдлэг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг зажлахгүй залгихаар зэхсэн нь ил.
Ам.долларын ханш харьцангуй өөрчлөлт багатай байгаа ч юанийн ханш чангарсаар байна. Ганц үүгээр нь төвбанкны удирдлагатай хариуцлага тооцох боломжтой шүү дээ, Ерөнхий сайд аа!!!
Том мөнгөн дэвсгэрт энэ Засгийн газрыг тонгорох уран мэх гэдгийг адгийн тэнэг ч ойлгоод байна.
Цар тахлаас ангижрахын тулд цаасан мөнгөний хэрэглээнээс иргэд аль хэдийнэ татгалзаад эхэлсэн. Банкууд ч цаасан мөнгө нь хадгалах, хамгаалах, ариутгах зэрэг арчилгаа ихтэй, цаашлаад АТМ, касс гэхчлэн биет хүн ажиллуулах шаардлага зайлшгүй үүсгэдэг, шууд утгаараа ЗАРДАЛ гэж үзэж байна.
Ийм байхад Монголбанкны удирдлага болоод УИХ-ын даргын зүгээс мөнгөний ийм бодлого барих гэж зүтгээд байгаа нь олон хардлагыг араасаа дагуулж байгаа юм.
Том мөнгөн дэвсгэртэд өчүүхэн ч эерэг тал үгүй бөгөөд үнийн шууд хөөрөгдөл, төгрөгийн үнэгүйдэл, мөнгө угаалт, авлигал хээл хахууль, хар тамхи, хүний наймаа гэхчлэн томоохон гэмт хэргүүдийн төлбөр тооцооны хэрэгсэл болох эрсдэл дүүрэн байхад ТЭД адаглаад эрүүл эдийн засгийг илтэд хүсэхгүй байгаа нь дэндүү ойлгомжгүй юм.