Уханьд “COVID-19”-ийн шинжилгээг хот даяар хийж дуусжээ

2021-08-09
1 min read

БНХАУ-ын төв нутгийн Ухань хотод “COVID-19” халдварын тохиолдлууд дахин илэрсэнтэй холбогдуулан хотын оршин суугчдыг хамруулсан нуклейн хүчлийн шинжилгээг таван хоногийн дотор хийлээ гэж тус хотын эрх баригчид ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Мягмар гаргаас эхэлсэн коронавирусний шинжилгээнд 11.28 сая гаруй оршин суугчийг хамруулсан бөгөөд үүнд зургаагаас доош насны хүүхдүүд, зуны амралт болж байгаатай холбоотойгоор хотод байгаагүй их сургуулийн оюутнуудаас бусад бүх оршин суугчийг хамрууллаа гэж Ухань хотын засаг захиргааны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ли Тао мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт хэд хэдэн цагаач ажилтнаас дунд халдвар илэрсний дараа ийнхүү хотын бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ. Үүний дүнд бямба гаргийн байдлаар, Уханьд дотоодод халдварласан 37 тохиолдол, шинж тэмдэггүй 41 дотоодод халдварласан тохиолдлыг илрүүлсэн байна.

Уханийн Эрүүл мэндийн хорооны даргын орлогч Пэн Хоупэний мэдээлснээр, тэдгээр халдварын тохиолдлын ес нь бүх нийтийг хамруулсан шинжилгээнээс илэрсэн бол үлдсэн нь халдвар илэрсэн хүмүүстэй ойр байсан, тусгаарлалтад байгаа хүмүүсээс илэрчээ.

Өнгөрсөн оны эхээр “COVID-19” халдвар тархсан Хубэй мужийн нийслэл Ухань нь цар тахлын ид үед 10 сая орчим оршин суугчаа 19 хоногийн дотор нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулснаар ийнхүү шинжилгээ хийсэн дэлхийн анхны мега хот /10 саяас дээш оршин суугчтай/ болж байсан юм.

Мөн Уханьд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд дотоодод халдварласан тохиолдол илрээгүй байжээ. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »
error: Content is protected !!