Хуурамч шатахуун зах зээлд нийлүүлэгч гэгдэн чичлүүлсээр ирсэн Э.Жононбаяр гэж хэн бэ. Энэ бацаан үнэхээр шатахууны үнэ нэмэхэд нөлөөлчихлөө гэж үү…
Сүүлийн үед шатахууны үнэ огцом нэмэгдсэнд Э.Жононбаяр захиралтай, “Трафигура” гэх Швейцарт бүртгэлтэй, ядуу буурай орнуудыг ангуучилдаг, одоогоор 60 шахам оронд хуруу хумсаа шигтгэн шимэгчилж буй компанийг буруутгаж байгаа. Нефтийн туслах бүтээгдэхүүнийг импортоор оруулж, хуурамч шатахуун, автобензин “үйлдвэрлэн” хэрэглэгчдэд нийлүүлдэг тэдний талаарх гомдол мэдээлэл тасрахаа болив.
Яагаад…
Хөндлөнгөөс харахад хар алтны мафижсан бүлэглэлүүд гэдсэндээ хөлөө жийлцэн, хоол ундаа булаацалдан бахиралдаад байгаа биш үү. Энэ нөхөд монгол түмнийг тэнэг гэж боддог бололтой.
Тэдний зодооныг хөдөөх сумын галчийн ухааны цар хүрээнээс тэгтэл хол тэлж сэтгэхгүй, жижиг тугалын бэлчих газраас давж алхаж чадахгүй Ерөнхий сайд зохицуулж барах уу. Зохицуулах байтугай аль хэдийнэ гарт нь, хэтэвчинд нь багтчихсан юм биш байгаа гэх хардлагыг төрүүлж байгаа нь үнэн юм.
Хөгжил буурай, нефть боловсруулах үйлдвэргүй орнуудыг онилдог Трафигураг Монголд оруулж ирэх үүд хаалгыг Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, П.Цагаан нар нээж өгсөн гэдэг. Түүнийг нь батлах мэт Монголын хувьд шинэ тутам компани хэрнээ аль 1997-1998 оны үеэс “Эрдэнэт” үйлдвэрээс зэсийн баяжмал авч эхэлсэн байдаг. Улмаар “Ачит эх”, Оюутолгой зэрэг уул уурхайн компанид хольсон шатахуунаа нийлүүлээд оронд нь зэсийн баяжмал авч, түүнийгээ олон улсын зах зээлд гаргаж заран орлогоо “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-нд хийдгийг нь мэдэхгүй ч хүнгүй болж.
Сүүлд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч галзуу бар мэт хамгаалдаг болсон гэгддэг Трафигура Худалдаа хөгжлийн банкинд тав, “Голомт” банкинд тус бүр 4 хувь эзэмшдэг тухай мэдээлэл бий.
Захирал гэх Э.Жононбаярыг дагасан, түүнд наасан шошго мэт мэдээллүүд өнгөрсөн долоо хоногийн дундаас эхлэн сошиал орчны хог хаягдал мэт тархаж байна.
Хуурамч шатахууны “хаан” гэгдсэн нэрэндээ хэдийнэ дасчихсан түүний нэр холбогдсон “Ай Си Ай Си”, “Транс гайд”, “Би Би Эм Майнинг”, “Кэм тэк”, “Хонгорфайнанс”, “Ист-Ойл”, “Элтраника”, “Таван тив трейд” гэхчлэн компаниуд бий.
Хотын дарга Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байх үедээ хуурамч шатахууныг шалгах ажлын хэсэг байгуулан Трафигура болон түүний дор керосин, нафта импортлогч “Транс гайд”, “Хармөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” зэрэг компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох санал оруулж байсан ч тэгсгээд замхарсан.
Түүнийг нь дээрээс үүрэг өгч, тусгай зөвшөөрлийг цуцлуулах ажлыг зогсоосон гэхээсээ илүү шантааж хийж, тодорхой хэмжээний хувь хүртсэн гэх барим тавим шүүмж нь одоо хэр олны дунд амь бөхтэй оршиж байна.
Тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавыг Трафигураг хамгаалдаг гэж одоогийн хотын мээр үздэг байж. Үнэхээр ч мань Д.Загджав нь тусгай зөвшөөрлийг цуцлахыг эсэргүүцэж, улмаар салбарын сайдтайгаа ам мурийгаад амжсан талаар яамныхан шивэр авир хийдэг.
Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэн ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга. Харин Д.Эрдэнэсүрэнгийн зүү орох зайгүй нөхөрлөдөг найз нь Улаанбаатар хотын Гаалийн орлогч дарга, гаалийн байцаагч Н.Уранчимэг бөгөөд нөхөр нь өдгөөх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджав юм.
Нэгэн үе гаалийн улсын байцаагч нар сумны наймааны хэрэгт хутгалдахад түүний эхнэрийн нэр явж л байв.
УИХ-ын гишүүн гэх сэтэртэй байсан Д.Загджав тухайн үеийн Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав найзынхаа “буян”-аар эхнэрээ мулталсан гэлцдэг.
Юутай ч энэ хоёр гэр бүлийн нөхөрлөл хуурамч шатахууны бизнесийн хамтрагч, хамгаалагчаар сүлбэлдэн үргэлжилдэг ч байж мэдэх.
Д.Сумъяабазарын “зуулт”-д нэр холбогдсон “Петролиум продакшн” компанийн эзэмшигчээр “Гүүд фючер” гэх компани бий. Гүйцэтгэх захирал нь Д.Эрдэнэтуяа. Э.Жононбаярын ээжтэй овог нэг, нэр төстэй байгаа нь гэнэтийн тохиолдол биш биз.
Мөн Э.Жононбаяр “Улаанбаатар төмөр зам”-ын дарга агсан Ж.Жигжиднямаагийн оффшорын хөрөнгийг дансаар гаргаж, оруулдаг гэх асуудалд нэр холбогдсоор нэлээд удлаа.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхний нэгжлэг хийсэн “Скай профешнл ложистик” ХХК-ийг Д.Жигжиднямаагийн хүү Гарьд, дүү Ц.Жүгдэрням нар эзэмшдэг.
Тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Баяржаргал ажиллаж байгаад 2017 оны зургадугаар сарын 8-ны өдөр Н.Монсорт шилжүүлэн өгсөн. Н.Монсор нь Үл хөдлөх хөрөнгө оруулалтын “Юу Эм Си Альфа” компанийн гүйцэтгэх захирал, “Мандал даатгал” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Юу Эм Си капитал” компанийн үүсгэн байгуулагч, “Улаанбаатар Ассет Менежмент” компанийн гүйцэтгэх захирал, ИЗНН-ын генсэк болохоор өрсөлдөж явсан зэрэг намтар зузаантай нөхөр.
Н.Монсор гээд ярихаар өнөөх Э.Жононбаяр дахин холбогдоно.
Ц.Жүгдэрням, Н.Монсор нараас Э.Жононбаярыг салгаж ойлгохын аргагүй.
Ц.Жүгдэрням Хонконгийн оффшор бүсэд “Glass trading limited” LLC байгуулж, компанийн данснаас нэр бүхий хүмүүсийн данс руу гүйлгээ хийсэн байдаг. Тухайлбал, Б.Учралсайханд 217 мянган ам.доллар, “Жоконди” ХХК-ийн захирал Э.Жононбаярт 612 мянган ам.доллар, “УБТЗ”-ын Бээжин дэх төлөөлөгч Б.Энхбаярт 34 мянган ам.доллар, талийгаач ах Д.Жигжиднямаагийнхаа хувийн дансанд 200 мянган ам.доллар, өөрийнхөө дансанд 213 мянган ам.доллар тус тус шилжүүлснийг Эрүүгийн цагдаагийн газрынхан шалгалтын үеэрээ баримтжуулсан гэдэг.
Мөн Э.Жононбаяр 2014 онд Д.Жигжиднямаагийн дүүгийн Хонконг дахь компани руу 500 гаруй мянган ам.долларын гүйлгээ хийж байсан баримт ч бий…
Энэ талаарх болон, энэ компанийн хамгаалагч эзэд, тэр дундаа Голомтын Д.Баясгалан, ТЕГ-ын дарга асан Равдангийн Болд нартай холбогдох мэдээллийг дараагийн нийтлэлээр хүргэх болно. Р.Болд нь 2007-2012 он хүртэл 5 жилийн хугацаанд ТЕГ-ын даргаар ажиллаж байгаад С.Баяр Ерөнхий сайд болуутаа Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилж байсан. Түүнтэй Э.Жононбаяр болоод Трафигура хэрхэн холбогддог, С.Баяр аль цагаас эхлэн Р.Болдыг дэмжих тоглолтод оролцож эхэлсэн зэргийг ч цувралаар хүргэх юм.