БНУС-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгч Юн Тэ Хо Сөүл хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ нийслэл хот Сөүлд коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлсэн хэмээн мэдэгджээ.
Тэрбээр, “Одоогийн байдлаар нийслэлийн бүсэд халдварын гурав дахь давлагаа гарч байна гэж бид үзэж байна” хэмээн онцлон тэмдэглээд, энэ нөхцөл байдалд эрх баригчид зайнаас харилцах хязгаарлалтын түвшнийг ахиулах боломжийг судалж байгааг нэмж дурдсан байна. Түүний мэдээлснээр, өнгөрсөн хоногт Сөүлд 218 шинэ тохиолдол илэрсэн нь наймдугаар сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад нийтдээ 363 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 30 017 болсон байна.
Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн иргэддээ “хариуцлагатай байж, олон нийтийн арга хэмжээ, тэр дундаа шинэ жилийн уламжлалт үдэшлэг зохион байгуулахаас татгалзахыг” уриалав. Тэрбээр телевизээр хэлсэн үгэндээ “коронавирусний эсрэг тэмцэл хямралд ороод байгааг” онцолсон байна.
11 дүгээр сарын 19-нөөс эхлэн нийслэл Сөүл болон хөрш Гёнги мужид коронавирустэй тэмцэх шинэ хязгаарлалт хэрэгжиж эхэлсэн байна. Энэ арга хэмжээг ирэх даваа гаргаас Инчон хотод хэрэгжүүлнэ. Эдгээр бүс нутагт зайнаас харилцах хязгаарлалтын хамгийн доод түвшин хэрэгжиж байсан бол нэг түвшнээр ахиулж, 1.5 метр болгожээ.