Эдийн засгаа сэргээхийн тулд улстөржилтөөс ангид зарчмаар МҮХАҮТ-тай хамтран ажиллахаа Ерөнхийлөгч илэрхийлэв

2021-08-05
2 мин уншина

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэв.

Тэрбээр үргэлжлүүлэн сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас бизнесийн орчин хумигдаж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа уналтад орсон ч одоо дэлхий нийтээрээ цар тахалтай зэрэгцэн амьдрах, вакцинжуулалтыг үр дүнтэй хийж хэвийн амьдралдаа эргэн шилжих чиглэл рүү хандаж буй талаар дурдаж, танхимаас хийсэн бизнесийн орчны судалгаа, боловсруулсан хуулийн төслийн талаар товч танилцуулав.

Улмаар цар тахлын энэ үед Монгол Улс төр, хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааны хүчээр эдийн засгаа богино хугацаанд сэргээх, өсөлт авчрах боломжтой гэж үзэж байгаагаа хэлж, Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МҮХАҮТ-ыг урьдын адил дэмжин ажиллахад бэлэн байгаагаа хэлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын болон бүс нутгийн бизнесийн санаачилгад Монгол Улсын оролцоог идэвхжүүлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал хандуулж, энэ чиглэлээр МҮХАҮТ-тай хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг тодотголоо.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих зорилтуудыг хэрэгжүүлэх, МҮХАҮТ-ын гадаад харилцаа, олон улсад чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бизнесийн салбарт төрөөс учруулдаг хүнд суртал, дарамтыг арилгах, эдийн засгаа богино хугацаанд сэргээн босгохын тулд улстөржилтөөс ангид байх зарчмаар МҮХАҮТ-тай хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд эдийн засгийг сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, уул уурхайн бус экспортыг өсгөх, томоохон төслүүдээ яаралтай урагшлуулах нь хамгаас чухал болоод буйг онцолж, дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд бизнесийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ санхүүгийн зөв механизмыг сонгон авах, төр, хувийн хэвшлийн тэгш оролцоог хангах, улмаар гүйцэтгэлд онцгой анхаарал хандуулж, чадварлаг баг, бүтцийг бүрдүүлэх зэргээр ажиллах саналыг хэлж байв.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, МҮХАҮТ-ын Удирдөх зөвлөлийн гишүүн, “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, “М-Си-Эс” группийн Дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар оролцлоо.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Орчуулах »
error: Content is protected !!