Д.Ихбаяр: Авто угаалгын газрууд саарал ус ашигласнаар өдөрт 2000 тонн орчим цэвэр ус хэмнэнэ

2021-08-05
3 мин уншина

Нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тэгвэл тус Ажлын хэсгийн дүгнэлт гарч, олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд ажил эхлэхэд бэлэн болсон бөгөөд саарал ус ашиглах төслийн талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяртай ярилцлаа.

-Ухаалаг системээр усны хэрэглээгээ хянах боломжийг бий болгохоор шинэ төсөл хэрэгжүүлж байгаа тухай та өмнө нь ярьж байсан. Харин энэ удаа саарал ус буюу ундны бус усыг ашиглах төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Бид цэвэр усаа хэмнэе гэж байнга ярьдаг. Үүний тулд саарал усны асуудлыг зайлшгүй анхаарах ёстой. Саарал усыг хэрэглээнд нэвтрүүлэх тухай бид олон жил ярьж, хууль, эрх зүйн зохицуулалт бий болсон хэдий ч үр дүнтэй хэрэгжүүлэлт алга байна. Тухайлбал, Усны тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай зэрэг хууль байна. Үүнтэй холбоотой долоон төрлийн стандарт бий.

Бид одоогийн нөхцөлд орон сууцны хороололд саарал усны хэрэглээг нэвтрүүлэхэд бэрхшээлтэй. Шинэ шугам хоолой, дэд бүтцийг бий болгох шаардлага үүснэ. Харин маш их цэвэр ус ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд бий. Жишээ нь, хотын ногоон байгууламж, гудамж талбай услах, газар тариалан эрхлэх, ноос, ноолуур, арьс ширний үйлдвэр, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, гал унтраах, уул уурхай, цахилгаан станцууд, барилга, автомашин угаалгын газрууд цэвэр усыг үйл ажиллагаандаа ашигласаар байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто угаалгын 200 гаруй газар бий. Тэдгээрийн 34 нь л саарал ус хэрэглэдэг. Тиймээс бид 2030 он гэхэд нийслэлийн хэмжээнд саарал усны технологийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ эхний ээлжид авто угаалга, ногоон байгууламж, гудамж, талбайн усалгаа, гал унтраах ажиллагаанд саарал усыг хэрэглэнэ. Дараагийн удаад ноос, ноолуур, арьс ширний үйлдвэр, цахилгаан станцад саарал усаа ашиглана. Цаашлаад газар тариалан, ахуйн хэрэглээ, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саарал ус хэрэглэдэг болох юм.

Саарал усны хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлэхэд тухайн аж ахуй нэгж, байгууллагуудад тоног төхөөрөмж, дэд бүтцийн хувьд боломж байна уу?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 34 автомашин угаалгын газар саарал ус дахин ашиглах тоног, төхөөрөмж суурилуулсан байгаа. Гэхдээ 100 хувь үүнийгээ ашиглаж байгаа эсэхийг анхаарах шаардлагатай. Харин саарал усыг цэвэршүүлэн, дахин ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд бий. Тухайлбал, MCS, АПУ, Би Цэ Трейд ХХК саарал усыг цэвэршүүлэн, нийслэлийн ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж байна. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь өөрийн тоног төхөөрөмжөөр усаа цэвэршүүлэн, 150 автобусыг саарал ус ашиглан угааж байна. СЭМҮТ бага оврын цэвэрлэх байгууламжаар усаа цэвэршүүлэн ашигладаг. Ноос, ноолуур, арьс шир боловсруулах 11 үйлдвэр бага оврын цэвэрлэх байгууламж барьж, саарал ус ашиглаж байна. Барилгын салбарт 12 аж ахуй нэгж бетон зуурмаг, цемент үйлдвэрлэлд жилд 11451 шоо метр хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн ашиглаж байгаа бол Эрчим хүчний салбарт ДЦС I, II, III ТӨХК жилд 4.769.448 шоо метр хаягдал усыг цэвэршүүлэн, эргүүлэн хэрэглэж байна.

-Авто угаалгын газруудад саарал ус ашиглуулах талаар олон жил ярьж, стандарт батлагдсан ч хэрэгжилт байдаггүй. Одоо хэрхэн саарал ус хэрэглэдэг болгох вэ?

-Нийслэлийн хэмжээнд 239 автомашин угаалгын газар ажиллаж байна. Нэг автомашин угаахад 100 литр ус зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, авто угаалгын газрууд өдөрт 2000 тонн орчим цэвэр ус хэрэглэдэг гэсэн үг. Тиймээс авто угаалгын газруудад нэн түрүүнд саарал ус хэрэглэх технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал өдөрт ийм хэмжээний цэвэр ус хэмнэх боломж бүрдэх юм.

-Саарал усны хэрэглээг дээрх салбаруудад нэвтрүүлэхэд технологийн ямар шийдэл ашиглах вэ?

-Маш олон шийдэл бий. Нийслэлийн зүгээс аль нэг шийдлийг л хэрэглэх ёстой гэж тулган шаардахгүй. Өөрийнхөө авто угаалгын газрын хүчин чадалдаа тохируулаад тоног төхөөрөмжөө шийдэх боломжтой юм. Бизнес эрхлэгчид, хувь хүмүүс үүнийгээ өөрөө сонгох боломжтой. Хамгийн чухал нь тухайн аж ахуй нэгжүүдээр үйлчлүүлж байгаа иргэн, хувь хүмүүс тухайн байгууллагаас саарал ус ашигладаг эсэхийг асууж, автомашинаа угаалгах байдлаар аж ахуй нэгжүүдээ саарал ус хэрэглэдэг болгоход оролцох, мөн дэмжих боломжтой юм. Ингэснээр ундны цэвэр усыг үйлдвэрлэлд мянга мянган тонноор нь зарцуулах биш, харин ч ирээдүй, хойч үедээ өвлүүлж үлдээх асар том өв болох юм.

 -Эрх зүйн орчин хэр хангалттай байна вэ?

-Энэ чиглэлд эрх зүйн орчныг сайжруулах шаардлага бий. Заавал саарал ус хэрэглэ гэсэн хуулийн заалт байхгүй. Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоол бий. Үүний дагуу дагаж мөрдөх журмууд гараагүй байна. Тиймээс бид энэ чиглэлд илүү анхаарал хандуулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, саарал ус ашиглах технологийг сайжруулж, хэрэглээнд нэвтрүүлэх, урамшуулал, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа. Саарал усны хэрэглээ өндөртэй улс орнуудын туршлагаас харахад, Япон Улсад том хэмжээний барилга барихад саарал ус ашиглах шаардлага тавьдаг. Мөн саарал ус ашиглаж байгаа хувийн байгууллагуудад татварын хөнгөлөлт, бага хувийн хүүтэй зээл олгох зэрэг арга хэмжээ хэрэгжүүлдэг. Харин БНХАУ-ын Засгийн газар 2017 онд саарал усны тусгайлсан тогтоол гаргаж, саарал усыг газар тариаланд ашиглаж байгаа хувь хүн, аж ахуй нэгжийг урамшуулах тогтолцоог нэвтрүүлсэн. Дэлхийн олон улс ундны цэвэр усаа хайрлан хамгаалж, ахуйн бохирдолтой усаа цэвэршүүлэн, дахин ашиглах буюу саарал усыг хэрэглээд явж байгаа. Иймээс Монгол Улс, нийслэл Улаанбаатар хотод саарал усыг нэн яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх нөхцөл, шаардлага үүссэн. Тиймээс бид энэхүү төслийг батлуулан хэрэгжүүлж байгаа юм.

Орчуулах »
error: Content is protected !!