Ачааны автомашин даац хэтрүүлэн явах нь авто замын эвдрэлд нөлөөлдөг

2021-07-31
1 min read

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож буй ачааны автомашинд Монгол Улсын Авто тээврийн тухай, Авто замын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, НИТХ-ын 102 дугаар тогтоол болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын биелэлтийн байдалд хяналт, шалгалтыг баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг. Улаанбаатар хотын авто замын урсгал засвар болон өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу хийдэг билээ. Энэхүү стандартаар нэг хөтлөгч тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 11.5 тонн, хөтлөгдөх тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 10 тонноос ихгүй байна гэж заасан. Гэсэн ч ачааны автомашинуудын даацыг хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцох зөрчил гарсаар байна. Нэг тэнхлэгт ногдох даацыг хэтрүүлснээр авто замын зорчих хэсэгт дугуйн мөрний ховил үүсэх, суурь бүтцэд нөлөөлөх, тэгш хэмийг алдагдуулан авто замд эвдрэл, гэмтэл гарах нөхцөлийг бүрдүүлдэг. 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Тээврийн цагдаагийн алба, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран долдугаар сарын 28-нд хяналт, шалгалт хийлээ.  Ачааны 35 автомашинд тэнхлэг даацын шалгалт хийхэд 12 тээврийн хэрэгслийн жолооч норм стандартаас хэтрүүлэн ачаа тээвэрлэж, замын хөдөлгөөнд оролцож байв. Түүнчлэн энэ сард хийсэн зургаан удаагийн шалгалтаар ачааны 103 автомашины ачаа тээвэрлэлтэд хяналт, шалгалт хийхэд 68 автомашинд нэг тэнхлэгт ногдох даац хэтрүүлсэн зөрчил илэрчээ. Иймд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь 2021 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэснээр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй холбогдох хууль, тогтоомж, норм стандартын хэрэгжилтэд хяналт тавихаар Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж эхэллээ.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Орчуулах »
error: Content is protected !!