Их хурлын гишүүд эх оронч шийдэл гаргах эсэхийг харъя

2020-11-20
3 мин уншина

-Уул уурхайн салбарт тэгш ростерыг хуульчилъя-

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд УИХ-ын гишүүдийн ширээнд ирээд байна.

Тодорхой хэлбэл, өчигдөр уг хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооноос гаргасан ажлын хэсгийн хурал цахим хэлбэрээр болжээ. Хөдөлмөрийн хуулийн өөрчлөлт олон нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа нь дамжиггүй. Харин энэ удаагийн хуулийн өөрчлөлтийг Монгол Улсын экспортыг бараг дангаараа хийж, Улсын төсвийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарынхан илүүтэй ажиглаж байгаа. Гэхдээ ялгаж салгах юм дунд нь бий. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон уул уурхайн төсөл, уурхайн эздийн хувьд Хөдөлмөрийн хуулийн өөрийнх нь салбарт хамаатай хэсэг нь битгий өөрчлөгдөөсэй гэсэн хүсэлтэй байгаа байх. Тэгвэл уурхайчид хуулийн өөрчлөлтөөр олон улсад мөрдөгддөг тэгш ростерын системтэй болоосой гэсэн хүлээлттэй байна.

Тодруулбал, өнөөдөр дотоод эзэнтэй зарим уурхайгаас бусдынх нь ажилчид 20 хоног ажиллаад 10 хоног амарч байгаа. Бид энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр 14 хоног ажиллаад 14 хоног амардаг болгох заалт ороосой гэдэг хүлээлтийн тухай яриад байгаа хэрэг. Ингэснээр ажиллах нөхцөлийн тэгш байдал хангагдаж, үгүй ядах нь ээ уурхайчид ар гэртээ илүү цаг гаргах боломжтой болох юм. Өнөөдөр хамгийн зовлонтой, гэр бүлийн нөхцөл нь хүнд байдал уурхайчдын амьдралд л байна. Тиймээс ч уул уурхайн салбарын ростерын системийг тэгшлэх, олон улсын жишигт нийцүүлэн хуульчлах асуудал төрийн хэмжээнд анхаарах асуудал мөн. Үндсэн хуульд зааснаар төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ.

Тэгэхээр зурагт дурдсан Ажлын хэсэгт багтсан эдгээр УИХ-ын гишүүд уурхайчдын хүслийг ажил хэрэг болгох боломжтой байгаа юм. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж эхэлсэнтэй холбоотойгоор хариуцлагатай уул уурхайн төлөө тэмцэж ирсэн “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр өчигдөр УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргажээ. Тус уриалгад “Хариуцлагатай уул уурхайн үндсэн шалгуурын нэг болж буй тэгш ростерыг олон улсын жишигт нийцүүлэн хуулиар баталгаажуулах боломж бүрдээд байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг цахимаар хуралдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэх гэж байна. Байнгын хорооны гишүүд хариуцлагатай уул уурхайг дэмжсэн, уурхайчдын нийгмийн асуудалд хамгийн их тулгамдаад буй тэгш ростерыг баталгаажуулсан шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Нийт уурхайчид, иргэний нийгмийн байгууллагууд, уул уурхайн компаниудын үйлдвэрчний эвлэлүүд, сэтгүүлчид энэ талаар удаа дараа дуу хоолойгоо хүргэсээр байгаа билээ. Тэгш ростерыг дэмжиж хуульчилъя” хэмээсэн байна.

Ер нь бол хуулийн төслийг хэлэлцээд эхлэхээр л ингээд яриад байгаа хэрэг биш. Өнгөрсөн хугацаанд төрийн бус байгууллага, уурхайчин залуусын төлөөлөл болсон олон хүн хөндөж, шаардаж ирсэн. Тухайлбал, “Оюутолгой”-н туслан гүйцэтгэгч “Эс Эс Эм” компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ононхангай тэргүүтэй залуус энэ асуудлыг эрчимтэй хөндөж, хууль тогтоогчдод дуу хоолойгоо хүргэн тэмцэж байлаа. Манай сонинд ч ярилцлага нь нийтлэгдэж байв. Тэрбээр ярилцлагадаа “Уул уурхайн салбарт ростерийн зарчмаар ажилладаг уурхайчид ажил, амралтын хоногоо тэнцүү байлгахыг шаардаж байгаа. Үүнийг Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлд тусгуулахаар ажиллаж эхэлсэн. Гэвч хуулийн шинэчлэлд ажлын хоногийг 20-иос ихгүй, амралтын өдрийг 10-аас багагүй байхаар тусгасан байна. Энэ нь нөхцөл байдал одоогийнхоос дээрдэхгүй гэсэн үг. Тиймээс ажил амралтын хоногийг тэгш болгохыг хуулийн хэлэлцүүлгийн шатанд шаардана. Уурхайчид ажилтай байснаараа маш олон зүйл алдаж байгаагаа одоо л эргэн харж эхэлсэн. Гэрээсээ олон хоног, сараар хол байснаараар үр хүүхдээ өнчрүүлэхээс эхлээд нийгмээс тусгаарлагдсан хүмүүсийн бүхэл бүтэн үе бий боллоо. Эрүүл мэндийн хувьд хохирч байгаа тохиолдол цөөнгүй. Миний ажилладаг “Оюутолгой” төсөл гэхэд л уурхайчдыг хохироож буйн том жишээ. Анх 56 хоногийн ростероор ажиллуулдаг байсан бол одоо 28 хоног ажилладаг болсон. Хэрэв ажлын шаардлагааар сунаж ажиллавал, үүнээс ч олон хонодог. Уурхайчид ар гэртэй, ардаа амьдралтай учраас ийм байж болохгүй. Үүнийг өөрчилж, ажил амралтын өдрийг ижил тэнцүү болгоё гэдэгт уурхайчид бүгд санал нэгтэй байгаа” гэж байлаа.

Эдгээр ТББ-ын тэргүүн, уурхайчин залуус бол үзэл бодлоо илэрхийлж байгаа жирийн л иргэд. Харин хуульд өөрчлөлт оруулж чадах эрх мэдэл нь хууль тогтоогчдод бий. Тэд л өөрсдийн саналаар эх орондоо шударгаар хөдөлмөрлөж, баялаг бүтээж буй залуусаа дэлхийн жишигт нийцсэн байдлаар ажиллах боломжоор хангаж чадна. Ер нь бол гадаадын хөрөнгө оруулалттай уурхайнууд тэгш ростерын эсрэг байдалтай байгааг дээр дурдсан. Тэгэхээр нөгөө талаас эх оронч шийдвэр Их хурлын гишүүдээс гарах шаардлага үүсээд байгаа гэсэн үг. Хэр шударга, хараат бус, эх оронч байж чадахыг нь ирэх өдрүүдэд л харна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Орчуулах »
error: Content is protected !!