Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсын ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийв

2021-07-23
2 мин уншина

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд энэ сарын 22-ны өдөр Ерөнхий сайд Ё.Сүгатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийв.
Энэ нь хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшинд сүүлийн 2 жилд хийж буй анхны уулзалт юм. Уулзалт найрсаг дотно, уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай “гуравдагч хөрш” Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Даян дэлхийн улс орнууд нэг гэр бүл болохыг харуулж байдаг Олимпын наадмыг цар тахлын хүнд нөхцөл байдалд Япон Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, энэ удаагийн Олимпын наадам хүн төрөлхтөн цар тахлыг амжилттай даван туулсны бэлгэ тэмдэг болон түүхэнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ё.Сүга  Олимпын наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэнд, мөн гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд, мөн энэхүү дэмжлэг туслалцаа  “КОВИД-19” цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед ч үргэлжилж байгаад гүн талархал илэрхийлэв. Нэн ялангуяа, Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг вакцинжуулахад Япон Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж байгааг онцлов.  


Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаад талууд санал нэгдэв. Хамтын ажиллагааны чиглэлд Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын асуудал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон тус салбарын инженерүүдийг бэлтгэх, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
 
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр улс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиролцлоо. Ойн хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхитог Монгол Улсад айлчлахыг урив. Мөн Ерөнхий сайд Ё.Сүга 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлахыг санал болгосныг Монголын тал талархан хүлээж авав.
Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусгавар болж байгааг талууд сайшааж 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн Дунд хугацааны хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор ярилцав.

Талууд олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид  ч уялдаа холбоотой ажиллахаар болов.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ё.Сүга сүмогийн шинэ аваргатай болсонд баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна.Тэрээр маргааш хүндэт зочдын хамт Цог жавхлант Эзэн хаанд бараалхаж, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Япон, Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, гишүүдтэй уулзана. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Орчуулах »
error: Content is protected !!