Дорнод аймаг дахь хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар салбар /Ульхан/-ын хариуцсан хэсэг Ульхан сууринд энэ сарын 16-ны өдөр аялж, зугаалах зорилгоор ирсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Б-ийн гурван настай охин алга болсон мэдээллийг хилчид 15.00 цагт авчээ. Мэдээллийн дагуу харилцан ажиллагаатай байгууллага, ард иргэдийн хамтаар хил орчмын нутаг дэвсгэрт ОХУ-ын Мангутын хилийн ангитай хамтран хилийн шугамын дагуу эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна. Улмаар бяцхан охины мөрийг илрүүлэн ОХУ-ын талд мэдэгдсэнээр охиныг олж эцэг, эхэд нь эсэн мэнд хүлээлгэж өглөө хэмээн Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Охины ээж иргэн О түргэн шуурхай ажиллаж, охины амь насыг аварсан Хил хамгаалах байгууллага, хилийн 0275 дугаар ангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, ард иргэдийг хүүхдээ хараа хяналтгүй орхих, хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байхыг уриалсан байна.