“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд барьсан Дулааны станц, Ус хангамж, ариутгах татуургын туршилт, тохируулга хийхэд шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт 2026 онд дуусч ашиглалтад орох хэдий ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөөт бүсийг энэ зун нээж байнгын ажиллагаанд оруулах үүрэг өгөв.
Эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлснээр:
– Экспорт, импорт нэмэгдэнэ;
– Үйлдвэрүүд хөгжинө;
– Худалдаа, үйлчилгээний шинэ салбарууд бий болно;
– Шууд ажлын байр бий болно;
– Бүтээн байгуулалт нэмэгдэнэ;
– Аялал жуулчлал хөгжинө;
– Тэргүүний техник, технологи нутагшина;
– Транзит тээвэр, логистик нэмэгдэнэ;
– Худалдааг хөнгөвчилнө;- Бүс нутгийн хөгжил эрчимжинэ гэж үзэж байна. Тухайлбал 2026 он гэхэд хөрөнгө оруулагчийн тоо 70-д хүрч 9,400 ажлын байр бий болох юм. 2034 он гэхэд экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт 2,9 тэрбум ам.долларт хүрч 18 мянган ажлын байр бий болох тооцоо гарчээ.