Засгийн газрын өнөөдрийн (2021.07.07) хуралдаанаар “Монгол Улсын виз олгох журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг баталлаа.
Ингэснээр Монгол Улсад ирэх гадаадын 31 улсын иргэд, тухайлбал эхний ээлжинд жуулчин, соёл, урлаг, спортын тэмцээн, уралдаанд оролцох, кино, контент бүтээх болон дамжин өнгөрөх визийг цахимаар авах боломжтой. Визийн 11 ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн орших суух зөвшөөрлийг 29 хэлбэрт нийцүүлэн дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх гэх мэтээр 64 болгон төрөлжүүлжээ.
Тухайлбал, “К4” визийг соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх иргэдэд олгох юм. Визний ангиллыг тодорхой болгосноор виз хүсэгч гадаадын иргэнд зорчих зорилгод нь тохирсон виз олгох, визийн талаархи статистикийн тоон мэдээллийг дэлгэрэнгүй гаргах, визийг шуурхай олгох болон визийн нэгдсэн сантай болох давуу талтай.
Энгийн зэргийн буюу B /бизнес/ ангиллын 30 хүртэлх хоногийн визийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, J /жуулчин/ ангиллын 30 хүртэлх хоногийнх бол хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар олгох юм.
Одоогоор дэлхийн 80 орчим улс цахим визийн систем нэвтрүүлээд байна.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг шинэчлэн баталжээ.