Тамхи татдаг хүмүүст коронавирусний халдварт өвчин хүнд хэлбэрээр илрэх нь элбэг байгааг Оросын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар сануулжээ. Үүнтэй холбогдуулан цар тахлын үеэр тамхинаас татгалзахыг тус байгууллага иргэдэд уриалжээ.
“Тамхинаас татгалзах олон улсын өдрийг тохиолдуулан тамхи татдаг хүмүүст коронавирусний халдварт хүнд хэлбэрээр илрэх нь олонтаа байгааг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар сануулж байна. Түүнчлэн иргэдийг тамхины хор уршгаас эрүүл мэндээ хамгаалж, халдварт өвчнөөс сэргийлэх урьдчилсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх эмчийн зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Урт хугацаанд тамхи хэрэглэх нь эрхтэн тогтолцооны янз бүрийн өвчлөлд хүргээд зогсохгүй хорт хавдар болон бусад өвчний улмаас нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг тус байгууллага цохон тэмдэглэжээ. Өдөрт 10 тамхи татдаг хүний бөөрний хорт хавдар тусах эрсдэлийг огт тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад 1.5 дахин их байдгийг судалгаа харуулжээ. Өдөрт 20 ширхэг болон түүнээс дээш тооны тамхи татдаг хүмүүст ийм эрсдэл хоёр дахин их байдаг аж.
Түүнчлэн тамхи татах нь арьсыг 10-20 жилээр хөгшрүүлдэг бол чихрийн шижин үүсэх эрсдэлийг 50 хувиар нэмэгдүүлдэг байна.
Эх сурвалж: Монцамэ