УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.
БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас, харин Их, дээд сургуулийн амралт 01 дүгээр сарын 5-наас эхлэх байсан. Гэвч бид цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн сурагч, оюутнуудын улирлын амралтыг наашруулж, онлайн, теле хичээл оруулах асуудлыг дараагийн долоо хоногийн УОК-ын хуралдаанд танилцуулах гэж байна. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн хичлээлийг 2021 оны хоёрдугаар сарын 1, их, дээд сургуулийг 2021 оны хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх саналтай байгаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 14 хоногийн хугацаанд оюутнууд дотуур байрнаасаа гарахгүй. Зарим их дээд сургуулийн оюутны дотуур байранд голомт байх магадлалтай гэж үзэж байгаа учир БШУ-ны яам Эрүүл мэндийн яамтай хамтран оюутнуудыг шинжилгээнд хамруулах ажлыг хийж байгаа. Ирэх 12 дугаар сарын 1-нээс хорио цээрийн дэглэм дуусгавар болсон тохиолдолд орон нутгийн оюутнуудыг гэр рүү нь явуулахаар тусгай баг бэлтгэл ажлаа хийж байна гэв.