Замын-Үүд боомтод иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ачаа бараа бөөгнөрч, хүндрэл үүсгэж буй асуудал нь зарим албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилтай холбоотой байж магадгүй нөхцөл байдал үүссэн байна.
Өнөөдөр (2021.07.06) Хууль зүй, дотоод хэргийн (ХЗДХ)-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байгаа.
Улмаар эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан гэж үзэн Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зориг, АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрах, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд дэх сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч н.Уранбаяр, Хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа Б.Нямбат, Хилийн 0108-р ангийн Авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг нарыг ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй түр саатуулан, мэдүүлэг авч эхлээд байна.
Түүнчлэн Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын ажилтнуудыг болон гаалийн байцаагч нарыг өөр аймагт сэлгэн ажиллуулахаар болжээ.