Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай холбоотой асуудлаар МҮЭХ-оос мэдэгдэл хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Эрүүл мэндийн салбарынхан цалин хөлсөө нэмэгдүүлэх шударга ёсны тэмцлийг аргагүйн эрхэнд эхлүүлсэн. Энэ тэмцэл нь зөвхөн талбай дээр сууж байгаа эмч, эрүүл мэндийн салбарын цөөн тооны хүний тэмцэл биш нийт улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх эмнэлэг, эрүүл мэндийн салбарынхан дэмжиж байгаа зүйл. Энэхүү тэмцлийг МҮЭХ 100 хувь дэмжиж байна. Бид зургаадугаар сарын 15-аас хойш тодорхой хугацаанд төсвийн тодотгол нь явагдаад, салбарын түвшинд бусад эх үүсвэрээр цалин хөлс, нөхөн олговорыг олгуулах арга хэмжээ авна гэсэн ойлголттой байсан. Бүх албан ёсны телевиз, сайтаар эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүллээ гэх мэдээлэл гарч байв. Харамсалтай нь энэ асуудлыг улаан, ногоон бүсээр ялган, төсвийн тодотголын хүрээнд яг яаж шийдэхээ ил тод салбарынханд явуулахгүй байна. Ийм учраас МҮЭХ-ны удирдлага болон ажилтнууд өнгөрсөн долоо хоногоос энэхүү тэмцэлийн үйл ажиллагаанд хууль дүрмийн дагуу мэргэжлийн арга зүйн туслалцааг үзүүлэн ажиллаж байна.
Зургаадугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн МҮЭХ, МЭМАҮЭХ-ны санал шаардлагыг нэн даруй дараалал харгалзахгүйгээр УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэхийг шаардаж байна. Ковидын үеийн Монгол Улсын хууль бий. Энэхүү хуульд заагдсан заалтуудыг дагаж мөрдөхийг бид шаардаж байна гэжээ.