Түүхэн дэх хамгийн муугийн жишээгээр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг нэрлэх байх. Үе үеийн Засгийн газар өөрийн гэсэн өнгө төрх, шүүмжлүүлэх зүйлтэй ч өнөөгийнх шиг сулбагар, үлбэгэр, ур чадваргүй, хулчгар байсан нь үгүй.
Нонж дорой, төрийн албаны туршлагагүй, мэдлэг чадвар нь 0 заасан, ядахад ямар ч хурд байхгүй нөхдөөр танхимаа бүрдүүлсэн нь бүгд салбар салбартаа гологдож ёстой л нусаа хацартаа нааж явна.
Үүнийг нь үл тоон шинэ, залуу үеийнхэнд боломж олгож, үүд хаалгыг нь нээж өгцгөөе хэмээн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг өнгөлгөөр харж, хүлээж байсан үе бий.
Харамсалтай нь тэр зөвхөн үүрэг гүйцэтгэгч гэдгээс илүү тодотголыг бүтээж чадсангүй.
Сү.Батболдын фракцийн хөдөлгөөнөөс урьтаж У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалын тэргүүний тамгаа Л.Оюун-Эрдэнэд атгуулаад хагас жилийн нүүр үзлээ. Засгийн тамгыг авсан ч “сайн” ахын даалгавраар 7 сайдыг суудалд нь үлдээж, үлдсэнийг нь мөнгөний өрөнд өгсөн гэхэд хилсдэхгүй.
Засгийн газрын гал тогоог барьж байгаа Ц.Нямдоржид урилга илгээсэн хүн нь “Би” гэж Л.Оюун-Эрдэнэ тодрох ч үнэн чанартаа хөгшин сайдын зорилго нь 49 хувийнхныг шахаж “Эрдэнэт”-ийг эрхшээлдээ байлгах.
Өөрөө авч чадахгүй ч өрөөлд өгөхгүй гэх байр сууриа Л.Оюун-Эрдэнийн араас хийж байгаа нь энэ. Түүний халаасанд Б.Хурцыг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээс холдуулж, олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулах зорилго ч эвхээстэй явсан. Үүнийгээ биежүүлж Б.Хурцыг нарсанд, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг наранд гарган будлиантуулж дөнгөв. Энэ бүхэн Ц.Нямдоржид таатай ч Л.Оюун-Эрдэнийн карьерт хар толбо болно. Хуулийн салбарыг самарч, олон жил мөрдсөн хэргийг ил ч биш, нууц ч биш болгон оромдоглосон зэм түүнийх. Үүнээс улбаалан улсын нууцыг хэсэгчлэн задруулж, эрэмдэглэсэн ялыг хожим түүнд сонсгож мэдэх юм.
Тэрчлэн генсэкийн шахаа гэгдэх Шадар сайд С.Амарсайхан түүний шүдний өвчин болж яваа. Шадар сайдын суудлыг генсэкийн аманд багтаж, женко Х.Баттулгын худад өгсөн нь Л.Оюун-Эрдэнийн хувьд мордохын хазгай болсон юм.УОК-ын хойрго назгай, зоримог бус шийдвэрээс болж цар тахлыг улам гааруулсан нүгэлтэн болж, албан тушаалаа тушаах дээрээ тулаад байна. Туршлагагүй Засгийн газрын тэргүүнд таяг биш тушаа болсон С.Амарсайхан огцруулах сайд нарын хамгийн эхэнд эрэмбэлэгдэж байгаа юм.
Сэтгүүлчийг сэтгүүлчээр сольсон гэх шүүмжлэлийг дагуулж яваа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хамгийн бүтэлгүй томилгоонуудын нь нэг. Гай ч үгүй, гавьяа ч үгүй, гараас нь ажил гардаггүй сайд. Ёстой хийсэн ажилгүй, хэлсэн үггүй, яамны буланд чимээгүйхэн шигдэж суудаг шавар бурхан л гэсэн үг. Хатгах тусам цагиргалж хэвтдэг жаран хөлттэй эгээ ижил. Цар тахлаас улбаатай аялал жуулчлалын салбар хоёр жил орчмын хугацаанд тэг зогсолт хийж байна. Өдгөө ч аялал, амралтын газрууд хаалгаа барьж, аж ахуйн нэгжүүд дампуурлаа зарлаж, ажилчид нь уйлж байна. Тэднийхээ халдвар хамгааллыг сахиулаад дотоодын аялал, амралтыг тасалдуулалгүй байлгая гээд ухасхийчих ухаан түүнд алга. Хэдэн зуун тонн шатахуун асгарч гол ус, байгаль дэлхий хордож байхад, Хүй 7 худагт наадамлана гээд хөрс шороо сэндийчиж байхад ч тэр чимээгүй.
Соёлын сайд Ч.Номин бол энэ Засгийн газрын аксессуар буюу туслах детал төдийхөн. Ганган хүнд гархи, галзуу хүнд салхи нэмэр гэгчээр Засагтаа дараа болсон илүүдэл нь. Тангараг өргөсөн эхний өдрөөсөө хазгай гишгэсэн Соёлын сайд Ч.Номин гүйцэтгэх засаглалын тэргүүнд өдөр шөнөгүй өвтгөж, нойргүй хонуулсан шүдний өвчин нь байсаар ирэв.
Гадны шоу импортлогчийг соёл түгээгч гэж эндүүрсэн нь Л.Оюун-Эрдэнийн тархины цар хүрээг харуулсан эмгэнэлт сонголт болсон юм. Өнөөх нь дотооддоо хөгөө чирж дүүрээд сүүлдээ гадагш хальж, гадаад хэлтэй хүн болон хөөрч яваад түмний шившиг болов.
Хоосон орхихгүй гэсэндээ Ховдынхны шахаасаар З.Мэндсайханыг Хүнс хөдөө аж ахуйн сайдаар үлдээсэн нь бүр лай ланчиг болсон. Сайн морь ярихаас салбарын бодлого ярьж мэддэггүйн балаг нь мах гурилын үнийг хүрч болох хамгийн дээд цэгт хүртэл өсгөж, тахлын зовлонд шаналсан түмнийг улам бүр бухимдуулж байна. Өлсч туйлдсан иргэдийн уур унтуу өдөр бүр Л.Оюун-Эрдэнийн зүг шидэлсэн зэвсэг болчихоод байгаа.
Ядаж байхад Ерөнхий сайдын өөрийн нь санаачилж улсын төсвийн 2 тэрбумаар бариулсан Андлалын өргөө цогцолбор нурчихсан. Байгалийн түүхий музей нь зураг төслөөсөө гажиж бухенвальдын шорон шиг юм болчихлоо гэх хүчтэй шүүмжлэлийг дагуулж байна.
Эрүүл мэндийн сайдаар томилогдсон С.Энхболд өмнөх Т.Мөнхсайханаасаа дээрдсэнгүй. Үнэндээ хэн хэнийхээ бизнесийг дэмжиж ирсэн халаас нэгтнүүд гэдгийг улс төрийн хүрээнийхэн анддаггүй аж. Л.Оюун-Эрдэнэ нэмэгдэхүүний байрыг сольж, нүд хуурсан төдий томилгоо хийсэн гэсэн үг. Унтаа, сэрүүн нь мэдэгдэхгүй С.Энхболд сайд цар тахлыг хумих байтугай эмч сувилагчдынхаа цалин хангамжид ч анхаарал тавьж, асуудал дэгдээж чадахгүй үүлгэртэж явна.
Ганц нүдээ олсон томилгоо хэмээн сайшаагдаж байсан Л.Энх-Амгалан нь хичнээн хараад ч MCS-ийн төлөөлөл. Ашиг сонирхлын хамгийн том зөрчилтэй сайд. Төрөөс зарласан тендэрийг гаргаахгүй хүртдэг энэ компани салбар толгойлно гэдэг тоглоом биш.
Эрээвэр хураавар, эрх ашгийн зөрчилтэй энэ Засгийн газрын огцрох хамгийн том шалтгаан нь аймаг, орон нутгийн засаг захиргаад нь Засгийн газраасаа салж, сөрж, ганц ганцаар тоглодог болсон явдал.
Засгийн газрын тэргүүн нь ковидгүй зун болно гэдэгт уриалж, иргэн бүрийг дарлаажуулалтад хамруулан чичирч байхад орон нутгууд нь хилээ хаан улс доторх улс болцгоочихлоо. Уг нь монгол улсын иргэдийн хувьд энэ газар нутгийнхаа эзний ёсоор хаана ч аялж зугаалан, амрах эрхтэй. Гэтэл аймаг сумд бүр тусгаар улс шиг аашлан монгол хүний гишгэх газар, уух усыг хязгаарлан цамнаж байна. Энэ үйлдлүүд нь цар тахлыг хумих битгий хэл олон хүнийг агаар салхигүй орчинд хумьж бөөгнүүлснээрээ улам бүр гааруулж, үр дүнд нь улсын эдийн засаг ч тэг зогсолт хийхэд хүрээд байна.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар нөхцөл байдлыг гартаа авснаас хойш тохиолдлын тоо 3 орон тоог хол давж, 700 шахам иргэн амь насаа алдлаа. Ажлын байр нэмэгдүүлэх зээл гаргасан ч аж ахуйн нэгжийн хаалга цоожтой, иргэдийн амьжиргаа талх таллаж, хальс ясханаар шөл гаргаж хооллохдоо хүрэв.
Түүний шийдвэр бүр эргэж буцсан, Нийслэлийн онцгой комисстойгоо ч ойлголцож чадахгүй, зарим шийдвэр нь 24 цаг хүрэхгүй өөрчлөгдөж байна.
Тиймээс 80-аад оныхноор Засгийн эрх бариулж, төрийн толгойгоор тоглуулж болсон бол одоо эрх нусгайнуудаа ав, эрхэм МАН-ынхаан.