Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл хийв.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа” Өмнө нь Засгийн газрын хуралдаанаар үзэгчгүй наадам зохион байгуулах шийдвэр гаргасан боловч 12 мянган хүний бөөгнөрөл үүсч, 3000 хүн халдвар авах эрсдэлтэй байна гэдэг тооцооллыг ЭМЯ, эрдэмтэн судлаачид гаргасан байна. Үүнтэй Засгийн газар танилцаж, баяр наамдмыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн орон нутагт баяр наадам тэмдэглэхийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан” гэв.
Наадмын төсвийн хувьд хэдэн төгрөг зарцуулаад байгааг одоогоор тооцоолж гаргах боломжгүй байгаа бөгөөд төсвөөс хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зориулахаар болсон байна.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, “Энэ жил баяр наадам тэмдэглэхэд зориулж 3,5 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт суусан байсан. Ингээд урьдчилсан бэлтгэл ажил бага багаар хийгдээд явж байсан. Яг одоогийн байдлаар нарийн тооцоо хийгдээгүй байна” гэлээ.