Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнгөрсөн шөнө 23:00 цагийн орчимд халдварын нөхцөл байдлыг танилцуулах хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр тус аймагт ажиллаж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, “Дархан хотын хэмжээнд хийсэн 10 мянга гаруй түргэвчилсэн оношилгооны үр дүнд өнөөдрийн байдлаар батлагдсан халдвар авсан нь тогтоогдсон дөрвөн хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа. Мөн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр дөрвөн хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдсоноор ХӨСҮТ рүү шилжүүлэх ажлыг хийж байна.
Мөн яг энэ хугацаанд Дархан-Уул аймагт дахь төмөр замын 1088 ажилтныг шинжилгээнд хамруулах ажил энэ цаг мөчид үргэлжилж байна. Үүнээс арваннэгдүгээр сарын 21:30 цагийн байдлаар 878 хүнийг шинжилгээнд хамрагдлаа. Энэ 878 хүнээс дөрвөн хүн сул эерэг буюу сэжигтэй тохиолдол гэж гарсан. Эдгээр хүнийг тусгаарлалтад авсан. Төмөр замын ажилтан, албан хаагчидтай холбоотой нийт 10 хүн гарч ирлээ гэж ойлгож болно.
Тиймээс төмөр замын системийн халдварыг эрт илрүүлэх, оношлох, тусгаарлах, хариу арга хэмжээний баг төмөр замын ажилчид албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэн, хамтран ажилладаг байгууллагынхан, төмөр замын ажилчдын оршин суудаг хороо, орон сууц, түүнд ойр амьдардаг хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд байна. Дархан хотод хийсэн 10 мянга гаруй шинжилгээний үр дүнд коронавирусийн халдвар нь төмөр зам, төмөр зам дагаж зөөвөрлөгдөн орж ирсэн нь тодорхой болж байна. Өнгөрсөн 10-11 сард төмөр замын системын тэмцээн Дарханд болсон. Энд 400 гаруй алба хаагч Дарханд ирж оролцсон байна” гэлээ.