Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа

2021-06-29
1 min read

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар эрүүл мэндийн салбарт санхүүжилтийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон байна. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Энэхүү төсвийн тодотголд айл, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд бүрд олгох 100,000 төгрөгийг он дуустал үргэлжлүүлэх тухай тусгажээ. Үүний зэрэгцээ айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хог хаягдлын төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал олгохоор тус тус тусгасан байна.

Түүнээс гадна эрүүл мэндийн салбарт нэмж 700 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгохоор тусгалаа.

Уг санхүүжилтийг цар тахалтай тэмцэж буй буюу улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган эмч, эмнэлгийн ажилчинд нэг удаагийн хоёр сая төгрөгийн тэтгэмж, улаан бүсэд биш ч эрүүл мэндийн бусад салбарт ажиллаж байгаа 19.5 мянган ажилчинд нэг удаагийн нэг сая төгрөгийн тэтгэмж олгохоор тусгасан.

Мөн улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх санал оруулжээ.

Орчуулах »
error: Content is protected !!