Л.Оюун-Эрдэнийн шинэ суудалтай зэрэгцэн шинэ Засгийн чимээ сонсдов

У.Хүрэлсүх намаа хайрцаглаж байгаад Л.Оюун-Эрдэнэд тамгаа үлдээв. МАН-ын Үндсэн дүрэмд заасан Бага хурлын эрх үүргийн хэмжээнд намын Их хурлыг хүлээлгүйгээр даргаа сонголоо. Дүрмийн 20.3.7-д “намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох” гэж бий.

Харин намын шинэ дарга тамгаа гардахтай зэрэгцэн түүний тэргүүлсэн Засгийн газрыг наадмын дараагаас ганхуулж эхлэх хор энд тэндгүй яригдаж эхлэв.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд С.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Соёлын сайд Ч.Номин нарын туршлага мэдлэг, зангараг дутсан нөхдийг солихыг шаардсан шаардлага хэдийнэ эрчимжчихээд байгаа.

Хотын дарга Д.Сумъяабазар хүртэл Засгийн газар, УОК-ийн шийдвэрийг үл ойшоон, нийтийн хоолны бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзан, тал засч аягласан нь гэнэтийн юм биш. Л.Оюун-Эрдэнийг Засаг толгойлох цагаас эхлэн эсэргүүцэл илэрхийлэх болсон хотын даргын үйлдэл улам төгөлдөржин хүчирхэгжиж буй нь энэ. Түүнд 49 хувийнхан болон М.Энхболдоор хаяглагдсан хотын фракц дэмжлэг үзүүлж байгаа нь улам бүр өөрийгөө тоох, өөртөө итгэлтэй болоход хүргэж байна.

Ажлын цагтай уралдан эхэлсэн намын Бага хурал цахимаар гэж байсан ч гишүүдийг бүгдийг танхимд ирэх үүрэг өгөгдсөн байв. Хэдийгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар 100 хувийн дэмжлэгээр сонгосон ч Сү.Батболдын фракцид наадмын дараа удирдлагыг гартаа авах шинэ болзлыг тавьсан гэнэ.

Үнэндээ У.Хүрэлсүх гэхээсээ намын аппаратыг Н.Багабанди базаж байна. Хэнийг хэрхэн хөдөлгөхийг тэр мэддэг болсоор удаж. Тиймээс намрын чуулганаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг задалж, намын аппаратад ч өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн гэдгийг намын удирдах зөвлөлийн гишүүд хэлж байна.

Ердөө хагас жилийн дотор 500 иргэнээ цар тахлын улмаас алдсан, ядаж байхад тахлын тархалтыг хянах, гартаа оруулах хамгийн чухал Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбараа мэргэжлийн бус хүнээр удирдуулж цаг хугацаа, хөрөнгө мөнгө үргүй зарцуулсан, аймаг сумдын Засаг дарга нар нь нэгдсэн удирдлагагүй болж Засгийн газраасаа салж “тоглодог” болсон зэрэг Л.Оюун-Эрдэнийн танхимыг татан буулгах шалтгаан нөхцөл мундахгүй.

Тэгэхээр дутуу байгаа Парламентаа бүрдүүлсний дараа намын Их хурлыг хуралдуулна. Тэр хүртэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тогтоо ч уу, үгүй ч үү…

Тиймээс өнөө маргаашдаа адгах шаардлагагүй гэх байр суурийг нам доторх фракциудад титэм үг тэрлэгчийн зүгээс дуулгаад намын удирдах зөвлөл болон бага хурлын гишүүдийн 100 хувийн саналыг галч залууд өгүүлжээ.

Харин маргааш үргэлжлэх бага хурлаар Н.Энхбаяртай хийсэн тохироо ёсоор намын бүтцэд МАХН-ын гишүүдээс оруулж ирэх төдийхөн аахар шаахар асуудал шийдэх аж. Хоёр нам нэгдэхдээ Удирдах зөвлөл, Бага хурал, намын шат шатны байгууллагуудын гишүүдийн 30 хүртэлх хувийг МАХН-ын гишүүдээс бүрдүүлэх гэрээ, хэлцэл хийсэн байдаг.

Орчуулах »
error: Content is protected !!