Хоолны газрууд заалаар үйлчлэхээ мэдэгдэж эхэллээ

2021-06-24
1 min read

УОК-оос ресторан, хоолны газруудыг заалаар үйлчлэхийг хориглосон. Энэ хугацааг өчигдөр дахин 10 хоногоор сунгасан юм. Үүнтэй холбоотойгоор “Takesan Miso Ramen” ресторан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нилээд олон сар ажилласангүй. Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй Монгол Улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна.

Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Халдварын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү.

Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна.

Халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно.

Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна.

Хамтдаа, ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмээ барьж, ковидтой тэмцэж, эдийн засгаа сэргээцгээе.

УОК, Мэргэжлийн хяналтын болон хууль хүчний байгууллагууд торгох, хүчээр үйл ажиллагаа зогсоох арга хэмжээнүүдээ төр засагт ч адилхан хэрэгжүүлнэ үү.

Мөн үйлчилгээний чиглэлээр нь хавтгайруулалгүй, байгууллага нэгж бүрт халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа эсэх дээр хяналт тавьж, зөрчлийг арилгуулж, хязгаарлалт тавьж хариуцлага тооцож ажиллана уу” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Орчуулах »
error: Content is protected !!