Өнөөдөр 12 хүн, нийтдээ 500 шахам хүн тахлаар хорвоог орхилоо. Улс орноороо тахалд нэрвэгдэж, тархалтыг хэрхэн хумих арга хувилбаргүй болон сөхөрч байхад Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хэдэн саяар тоологдох брэнд цүнх гайхуулж, бэлэгний цамц будаг ярин хийцгүйрч явна.
Техник технологи асар хурдтай хөгжиж, чадварлаг чансаатай технологичдынхоо хүчээр улс орнууд халдварын тархалтыг хяналтдаа авч, хумиж, улмаар ногоон бүс болцгоож байна.
Хятадууд вичат /Wechat/-аа ашиглаад тэрбум хүнээ, Солонгост какао ток /KakaoTalk/ -оо ашиглаад 51 сая иргэнээ бүрэн хяналтдаа авчихлаа. Хавьтагч болсон бол хавьтагчаа дотор нь гурав ангилчихаж байна. Халдвар авсан бол улаан, тусгаарлалтад байгаа бол шар, аюулгүй гэж үзвэл ногоон гэрэл болгоод иргэддээ илгээн мэдээлэл өгч, дэргэд чинь улаан анхааруулгатай хүн ирлээ гээд утас хоорондын зайгаар анхааруулдаг болчихлоо. Хэн ч хүн хоорондын зай барь гэж хашгичилгүйгээр тархалтыг хумиад авав.
Гэтэл бид брэнд цүнх гайхуулж, будаг шунх, цамц цээживч ярьсан хүүхний хийцгүйрсэн тэнэглэлийг өдөр бүр харж, өдөр бүр үхсээр байна. Цахим шилжилт, цахим хөгжил, цахим монгол ярьсан Л.Оюун-Эрдэнийг Засаг толгойлох үед тахлаа хумиж дийлэлгүй өвчилж байна.
Уг нь барууны боловсрол, Цахим Үндэстэн ярьсан энэ залуу, энэ хүүхэн хоёрын үед халдварын тархалтыг дээрх орнууд шиг технологийн хүчээр хумиад Эрүүл мэндийн салбарынхандаа бөөгнүүлээд өгсөн бол эмнэлэг, эмч мэргэжилтнүүдийн нөөцийн хомсдолд ортол тахалд нэрвэгдэхгүй байлаа.
Хичнээн олон удаагийн хатуу хөл хорио тавьсан билээ. Энэ хооронд Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар юу хийв.
Одоо дахиад 60 хоногийн хөл хорио яриад эхэлж байна.
Үгүй шүү… Л.Оюун-Эрдэнэ сайдаа!!!
Үүнийхээ оронд мэргэжлийн бус Б.Болор-Эрдэнэ /тэрбээр олон улсын харилцааны менежер/-ээ яаралтай сольж, мэддэг чаддаг мэргэжлийн залууст энэ салбарыг яаралтай шилжүүлээд, уриад, үүрэг өгөөд явчих.
Бид халдвар авмааргүй байна, үхмээргүй байна Б.Болор-Эрдэнэ дарга аа!!!
Мэргэжлийн бус учраас чадахгүй байна гэдгээ хүлээгээд, ажлаа өгчих… Удирдаж буй байгууллагын тань хүч, чадварлаг залуусын оюуны чадал чансаа л энэ улсыг цар тахлын аюулаас аврах гарц, гүүр болоод байна. Цүнхээ, бэлэгний будаг тосоо гайхуулж суух хооронд чинь хичнээн хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж, хичнээн үрс өнчирч хоцорч байгааг дуулж, сонсч байна уу!!!
IT технологийн салбарт ямар олон хүчирхэг залуучууд байгааг бид мэднэ. Энэ салбарт орон зай, хил хязгаар хамаарахгүйгээр хэн ч ажиллах боломжтой. IT технологийн гайхалтай мэдлэг чадвартай ямар олон монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна вэ. Тэд улс орныхоо хөгжлийн төлөө санаа чилээн өдөр бүр, долоо хоног бүрт клабхауст тодорхой цагт цугларан мэдээлэл солилцож, ярилцаж байна.
Тэнд эрхэм гоёмсог, эд эдлэлээ гайхуулсан Б.Болор-Эрдэнэ дарга таниас бусад нь цугладаг юм шүү дээ. Өөрөө мэргэжлийн бус болохоор мэдлэг чадвар тань дутдаг байх, ойлгоно. Тэгвэл яагаад чаддаг мэддэгүүдийг урьж залаад, гуйж гувшаад, үнэн мөнөө хэлээд ажиллуулж чаддаггүй вэ?!…
Уриад ирдэггүй гэх шалтгийг Л.Оюун-Эрдэнэ сайд ажлаа аваад удаагүй хийсэн уулзалтын үеэр Б.Болор-Эрдэнэ та хэлж байгаа дуулдсан. Ирэхгүй байгаагийн шалтгаан тэгэхээр ТА өөрөө гэсэн үг шүү дээ. Мэргэжлийн бус, мэдлэггүй нэгний удирдлага дор ажиллахыг хүсэхгүй, зөвшөөрөхгүй байгаагийн илрэл…
Тиймээс улс орон чинь, ард иргэд чинь өвдөж шаналан, үхэж үргэдэн цөхөрч буй энэ цагт өөрийн хүсэлтээр ажлаа өг… Бидэнд АВРАЛ хэрэгтэй байна… Эрүүл мэндийн салбарт, туйлдаж ядарсан эмч ажилтнуудад IT технологийн салбарын хүч, нөмөр нөөлөг дутагдаж байна… Монголын мэргэжилтнүүд, программистууд Хятадын вичат, Солонгосын какао ток шиг Монголчатыг бий болгоод тахлын тархалтыг хумиад өгөг…
Тэртэй тэргүй хийцгүйрч, гудамж талбайд амгалан зугаалж яваа танаас юу ч хүлээгээд нэмэргүй гэдгийг өөрийн үйлдэл, биеийн хэлэмжээр хангалттай хэлээд өглөө. Тэгэхээр өргөдлөө нэн даруй өгөөд, чадварлаг, мэдлэг боловсролтой залууст зайгаа тавьж хайрла!!!
Илүү олон хүнийг үхлээс аврах байгууллага нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар гэдгийг дахин хатуу САНУУЛЪЯ…
Ард олон тэнэг биш, энэ бүх өвчлөл үхэл, өлсгөлөн ядуурлын хариуцлагыг таниас, танай байгууллагаас нэхэх цаг ирнэ гэдгийг эрхбиш мэдэж байгаа гэж найдъя…