Японы долоон мужид коронавирустэй тэмцэх чангатгасан арга хэмжээ хэрэгжиж эхэллээ

2021-06-21
1 min read

Коронавирусний тархалттай тэмцэх чангатгасан арга хэмжээ Японы долоон мужид даваа гаргаас хэрэгжиж эхэллээ.

Засгийн газрын шийдвэрээр хязгаарлалт Токио, Айчи, Киото, Осака, Хиого, Фүкүока, Хоккайдо зэрэг мужуудад долоодугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Эдгээр мужид урьд нь онцгой байдлын илүү хатуу дэглэм хэрэгжиж байсан юм.  

Мөн тавдугаар сард авсан үүнтэй ижил арга хэмжээ зэргэлдээх Чиба, Канагава, Сайтама мужуудад хүчин төгөлдөр хэвээр байх аж.

Чангатгасан арга хэмжээний хүрээнд нийтийн хоолны газрууд 20:00 цагт хаана. Гэхдээ онцгой байдлын дэглэмээс ялгаатай нь 19:00 цаг хүртэл архи, согтууруулах ундаа зарахыг зөвшөөрнө. Харин Токио, Осакад баар, ресторануудад нэг эсвэл хоёр хүнд зөвхөн 90 минут согтууруулах ундаагаар үйлчилнэ.

Японы Засгийн газар мөн иргэдээсээ гадуур явахгүй байж, аль болох хөдөлгөөнд бага оролцохыг, харин компаниудаас ажилтнуудаа цахимаар ажиллуулахыг хүсэж байна. Хүн ам шигүү суурьшсан мужуудад хязгаарлалт тогтоосноор Японы эрх баригчид коронавирусний тархалтыг хязгаарлаж, Токио хотод болох зуны Олимпын өмнө халдварын шинэ дэгдэлтээс урьдчилан сэргийлнэ гэж найдаж байна.

Сүүлийн хоёр долоо хоногт Японд өдөрт илрэх коронавирусний халдварын тохиолдол 1500-д хүрсэн нь тавдугаар сарын эхээр бүртгэгдэж байсан оргил үеийнхээс 4-5 дахин бага үзүүлэлт юм.

Хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад халдварын нийт тохиолдлын тоо 785 мянга давж, 14 400 гаруй хүн нас баржээ. Одоогийн байдлаар 700 орчим хүний бие хүнд байна.

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »
error: Content is protected !!