Сангийн сайд дэд төвүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

2021-06-14
1 min read

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу дэд төвүүдийн санхүүгийн асуудлыг шийдэх зорилгоор Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Баянхошуу дэд төвд ажиллалаа. Энэ үеэр холбогдох албаныхан дэд төв, түүнийг дагасан бүтээн байгуулалт, тэдгээрийн явц болон дэд төв ашиглалтад орсноор бий болох давуу талуудын талаар танилцуулсан юм. Сонгинохайрхан дүүргийн хувьд нийт өрхийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Мөн Баянхошуу нь Улаанбаатар хотын утааны 10 голомтын нэг. Иймээс тус газар дэд төв байгуулж байгаа бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах шаардлага зүй ёсоор тулгарч буй юм.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гурван үе шаттай төсөл хэрэгжиж, зургаан дэд төв ашиглалтад орно. Эхний үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвөөр эхэлж, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвөөр үргэлжилж, гуравдугаар үе шатанд Толгойт, Шархад дэд төв хэрэгжих юм. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 95 хувьтай яваа бол Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ТЭЗҮ болон ажлын зураг төсөл нь бүрэн батлагдаж, энэ оноос тендер зарлана. Дэд төвүүд дээр 150 болон 250 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, бизнес инкубатор төвийн барилга, хүний хөгжлийн төв, спорт цогцолбор барих юм.

Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нь Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын хамтын томоохон зорилт. Энэ хүрээнд Улаанбаатар хотын захын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, газар чөлөөлөх, хотын төвлөрлийг тэлэх, хотын захад амьдарч байгаа хэдий ч хотын төв орох шаардлагагүй төрийн үйлчилгээ авдаг болох, тийм орчныг бий болгоход дэд төвүүдийн зорилго оршиж байна. Баянхошуу дэд төвийн ажил эрчимтэй явж байгаа. Иймээс хотын төвөөс томоохон төрийн байгууллагыг төвүүдийг түшиглэж, нүүлгэх бодлогыг Засгийн газар барьж байна. Эхнээсээ яамд, томоохон төрийн байгууллагууд нүүхээр саналаа ирүүлсэн” гэсэн бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах чухал ажил бол зургаан дэд төв юм. Эдгээр дэд төв ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл 30 хувиар буурах судалгаа бий. Сангийн сайд дэд төвүүдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Орчуулах »
error: Content is protected !!