Д.Сумъяабазар: Сэлбэ голын ай савд нэмж газар олгохгүй

2021-06-12
1 min read

Ойрын өдрүүдэд орсон бороо, цас, мөн шар усны үерийн улмаас Сэлбэ гол үерлэсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь очиж ажиллалаа. Сүхбаатар дүүргийн хэмжээнд үерийн голдирол, жалга, судаг дагуу буусан 1200 орчим айл байдаг. Тухай бүрд мэдэгдэх хуудас өгч, холбогдох байгууллагууд шаардлага тавьдаг ч айлууд нүүдэггүй. Өнгөрсөн удаагийн борооны улмаас л гэхэд олон айл усанд автаж, айлуудын жорлон хальсныг соруулжээ. Их хэмжээний үер болбол айлууд нэлэнхүйдээ усанд автахаар байгааг албаныхан хэлж байлаа.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр “Үер ус хальж, айл өрх рүү орсон 2-3 хэсэг газар бий. Дүүргийн онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, далан, шуудай тавьж, хамгаалалтад авсан. Ойрын 20-30 жилд ийм үер болоогүй гэж иргэд ярьж байгаа” гэв.

Иргэд намагтай газар байшин барьж, усаа зайлуулахын тулд шуудуу татаж, чулуу, шороо, хайрга асгаж, голын голдирол өөрчлөх болсон байна. Иймд газрын эрхийг нь цуцлах, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгааг албаныхан онцолж байв. Хотын дарга ч “Голын голдирол өөрчилж, дээр нь барилга, байгууламж барьсан газрыг шүүхэд өгч, нөхөн олговор нэхэмжил. Олгосон хүн, авсан нэр устай нь зарла” гэсэн юм. Мөн Сэлбэ гол орчимд Байгаль орчны үнэлгээ хийлгэж, голын хамгаалалтын бүсэд олгосон газрын захирамжийг цуцлах, үер усны гамшгаас хамгаалах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн Сэлбэ голын ай савд нэмж газар олгохгүй байхыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд үүрэг болгосон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Газар олголт үнэхээр замбараагүй, дүүргүүд газар их олгосон байна. Үүнээс үүдэн голын ай саваар барилга, байгууламж их барьжээ. Хууль, дүрэм зөрчиж газар олгосон, захиргааны эрх мэдлээ хэтрүүлсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой. Мөн хууль, дүрэм зөрчсөн аж ахуйн нэгж, иргэнийг шүүхэд өгч, нөхөн олговрыг нь төлүүлэх шаардлагатай. Энэ жил хур, бороо элбэгтэй байх төлөв бий. Тиймээс үерийн усны бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарч байна. 1966 оных шиг үер болох магадлалтай гэж Дэлхийн банкны судалгаа гарсан байдаг” хэмээн ярив.

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням “Бид жил бүр Газрын алба, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтраад  зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүхийг сануулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэж ажилладаг ч тэр бүр хэрэгждэггүй” гэлээ.

Мөн энэ үеэр Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Нийслэлийн ногоон бүсийн 330 мянган га талбайг хамгаалж, 33 байгаль хамгаалагч ажилладаг. Гэвч техник, хэрэгсэл хүндрэлтэй байдаг” гэдгийг хэлж, үүнд анхаарал хандуулахыг Хотын даргаас хүссэн юм.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Орчуулах »
error: Content is protected !!