Тяньжин боомтоос чингэлгийн дөрвөн галт тэрэг Замын-Үүдэд ирлээ

2021-06-11
1 min read

БНХАУ-ын Тяньжин боомтод 3162 чингэлэг саатаж, бөөгнөрөл үүссэн асуудлыг яаралтай шийдэх тухай Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос тавьсан хүсэлтийн мөрөөр Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээ авч ажилласнаар тодорхой үр дүн гарч байна.

6 дугаар сарын 9, 10-нд Тяньжин боомтоос эхтэй импортын чингэлгийн 4 галт тэргийг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан бөгөөд одоогийн байдлаар дахин 6 галт тэрэг Эрээн өртөөг чиглэн замд явж буй тухай Хятадын талын төмөр замын байгууллагаас мэдээллээ. Хоёр талын төмөр замын байгууллагуудын тохирсон хуваарийн дагуу хэвийн горимоор өдөр бүр нэг галт тэрэг хүлээж авдаг байсан болно.

Монголын тал чингэлгийн бөөгнөрлийг шийдэх асуудлыг БНХАУ-ын ГХЯ, “Хятадын Төмөр замын групп” ХХК-д тавьж, мөрөөр нь идэвхтэй ажилласан бөгөөд Хятадын тал боомтод хуримтлагдсан чингэлгийг яаралтай горимоор тээвэрлэхээр шийдвэрлэж, ийнхүү галт тэрэгний тоог нэмэгдүүлээд байна. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ шат дараатай буурсан, мөн эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор далайн тээвэр нэмэгдсэний улмаас боомтууд дээр тодорхой ачаалал үүссэн билээ.

Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын байгууллагууд харилцан тохиролцсон хуваарийн дагуу төмөр замын тээвэр хэвийн явж байгаа бөгөөд чингэлэгт ачаа саатсанд ноцтой учир шалтгаан байхгүй юм. Хоёр талын төмөр замын байгууллагууд оны эхэнд экспорт, импорт, транзит ачааны хэмжээг тохирч протокол байгуулдаг. Үүний дагуу галт тэрэгний хуваарь гаргаж, тээвэр зохион байгуулалтыг хийдэг. Чингэхдээ импортын ачааны хэмжээнд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй.

Мөн транзит ачааны хэмжээг жилээр тохирч, сард хүлээж авах транзит галт тэрэгний тоог зохистой хэмжээнд явуулдаг болно. Аж ахуйн нэгж байгууллагууд, тээвэр зуучлагчид чингэлэг ачааны хэмжээнд гарах өөрчлөлтийг төмөр замын тээврийн төлөвлөлтөд тусгах, холбогдох талуудын хооронд мэдээлэл солилцоо, уялдаа холбоог сайжруулахад анхаарах шаардлагатай байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Орчуулах »
error: Content is protected !!