Манай улс ОХУ-тай сөргөлдөхийг эрмэлздэггүй бөгөөд талуудын хамтран ажиллах боломжтой салбарт тогтвортой, урьдаас таамаглаж болохуйц харилцааг бий болгох сонирхолтой хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены “The Washington Post” сонинд нийтлэгдсэн материалд дурджээ.
“Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярих үеэрээ би нээлттэй байсан. АНУ ОХУ-тай сөргөлдөх зорилгогүй. Стратегийн тогтвортой байдал, зэвсэглэлд хяналт тавих зэрэг асуудлаар бид тогтвортой харилцаа бий болгохыг зорьж байна. Иймд Стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хорогдуулах, хязгаарлах арга хэмжээний тухай гэрээг таван жилээр сунгахын тулд би даруй алхам авсан” хэмээн тэрбээр хэлсэн байна.
“Ардчилсан холбоод, байгууллагууд өнөөгийн аюул заналхийлэл, эсэргүүцэгчдийг сөрөн зогсох чадвартай гэдгээ баталж чадах болов уу. Би чадна гэж итгэж байна. Бидэнд үүнийг нотлох боломж бий” хэмээн тэрбээр мөн ярьжээ. Ж.Байден Европт айлчлах үеэрээ Брюссель дахь НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм.
АНУ-ын хариу үйлдэл
Орос улс цаашдын үйлдлээрээ АНУ-ын эрх баригчдад хохирол учруулбал бид хариу арга хэмжээ авна гэдэгтээ эргэлзэхгүй байна хэмээн Ж.Байден цохон тэмдэглэжээ.
“Ийм өнцгөөр ертөнцийг хардаг нөхөд, түншүүд, холбоотнуудтайгаа өндөр дээд түвшинд хэлэлцүүлэг хийсний дараа би В.Путинтэй уулзана. Украинд түрэмгий хандах, европын аюулгүй байдлын асуудалд Оросоос учруулах сорилтод бидний барих хариу нэгдмэл. Ашиг сонирхлоосоо салгаж үл болох ардчиллын үнэт зүйлсээ АНУ шийдэмгий хамгаална” гэж тэрбээр хэлсэн байна.
Кремль, Цагаан ордны өмнө нь мэдээлснээр, хоёр улсын удирдагчдын уулзалт Женев хотод 6 дугаар сарын 16-нд болох юм. Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцааны хөгжлийн байдал, хэтийн төлвийг хэлэлцэх аж.
Эх сурвалж: Монцамэ