-Эрх баригчид цар тахлыг зогсоож дийлэлгүй байсаар балчир үрсээ алдаж эхэллээ-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сурталчилгаагаа хийж явсан Д.Энхбат коронавирусын халдвар авсан. Тэрбээр БНХАУ-ын “Синофарм “үйлдвэрийн “Веросел” вакцины эхний тунг хийлгэсэн байсан гэнэ.
Эл мэдээлэлтэй зэрэгцэн эрх баригч намын дарга, нэр дэвшигч У.Хүрэлсүхийг вакцин хийлгэсэн үү, хийлгэсэн бол аль улсын ямар вакцин хийлгэсэн бэ гэх асуулт сошиал орчинд хатуухан хариулт нэхээд эхэллээ. Түүний ойрын эх сурвалжуудаас түүнийг вакцин хийлгээгүй, хэрэв хийлгэсэн бол Веросел лав биш гэх мэдээллийг өгч байгаа.
Дотооддоо халдвар алдаж, тархалтын хүрээг хумиж дийлэхээ больмогц Засгийн газраас иргэдээ дархлаажуулалтад бүрэн хамруулах зорилго тавин “Синофарм “үйлдвэрийн “Веросел” вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөөгүй байх үед нь оруулж ирж шахаж эхэлсэн. Энэ үед тус вакциныг Хятад улс Пакистанаас гадна Бруней, Непал, Филиппин, Мьянмар, Камбож, Лаос, Шри Ланка, Монгол, Палестин, Беларусь, Сьерра Леоне, Зимбабве, Экваторын Гвиней зэрэг 13 хөгжиж буй оронд вакцин хандивлаж байгаа. Одоогоор Хятадын Sinopharm групп, Sinovac Biotech компанийн вакциныг Арабын Нэгдсэн Эмират Улс , Марокко, Индонез, Турк, Бразил, Чили зэрэг эмнэлзүйн туршилт хийж буй орнуудад экспортолсон хэмээн БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 2-р сарын 1-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байв.
Тэгэхээр эмнэлзүйн туршилт хийгдэж дуусаагүй байсан вакциныг эрх баригчид оруулж ирж иргэддээ хийж эхэлснийг манай улс ч туршилтын орны нэг болсон юм биш үү хэмээн олон нийт бухимдан хүлээн авч өнөө хэр эгдүүцэн буруутгасан хэвээр байгаа.
http://mn.china-embassy.org/mn/zmgx/t1850724.htm
Улмаар вакцин хийлгэсэн иргэн бүртээ манай улс 50 мянган төгрөг өгсөн бол, АНУ вакцины бүрэн тунд хамрагдсан иргэддээ 1500 ам.доллар олгохоор хэлэлцэж байгаа нь эрх баригчдад бухимдсан олны бухимдлыг улам бүр асааж, дарин дээр давс нэмсэн явдал болж байна. /мэдээллийн эх сурвалжийг дор оруулсан линкээс авна уу/…
https://lenta.ru/news/2021/06/06/trump_reparatsii/
https://www.cnbc.com/2020/12/03/1500-stimulus-checks-for-covid-19-shots-how-one-plan-would-work.html
Вакцинжуулалт ид эрчимжиж байсан үед иргэдийн дунд эмнэлзүйн туршилт хийгдэж буй вакциныг хийлгэж буй хүн бүрт БНХАУ-аас 2000 ам.доллар дагалдуулан өгсөн гэх барим тавим мэдээлэл хүчээ авч байгаад намжсаныг энэ зуурт эргэн саная. Энэ яриа сошиал орчинд хэд хоног эрчтэй яригдаад чимээгүй болсон билээ.
Энэ бүхнээс гадна дэлхийн хэвлэлүүдийн анхаарал Америкийн зүгт эргэлээ. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “АНУ болон бусад улс орнууд коронавируст цар тахлын нөхөн төлбөрт 10 триллион ам.долларыг Хятадаас шаардах ёстой” хэмээн мэдэгдэв. Хэдий сөрөг хүчин ч гэлээ улс үндэстэн, ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал дээр нэгдмэл байр суурьтай байгаагийн илэрхийлэл болгон тус улсын Ерөнхийлөгч Жо Байдены зүгээс тагнуулын байгууллагыг шинэ коронавирусын гарал үүслийг тодорхойлохдоо “хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх” -ийг шаардлаа. Тэрбээр өнгөрөгч лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ тагнуулын хоёр агентлаг тахлын вирусийг байгалийн гаралтай байх магадлалтай гэж үзэж байгаа тул дор хаяж нэг нь лабораториас санамсаргүйгээр алдагдах магадлалтай хэмээн мэдэгдэв.
Ийнхүү коронавируст цар тахлын улмаас дэлхий бүхэлдээ сөхөрч, эдийн засгийн бодит хохирлоос гадна олон сая иргэдээ үхүүлж, өвчлүүлж байгаад бухимдсан АНУ дахин БНХАУ-ыг буруутган бусад улс орныг ч нэгдэн, тус улсаас нөхөн төлбөр шаардах ёстой гэлээ.
Манай улсын тухайд ч өнөөдрийн байдлаар 65000 мянган хүн өвчилж, 310 том хүн, бага насны 1 хүүхэд цар тахлын улмаас амь насаа алдаад байна.
Түүнчлэн Европын холбоо өнгөрсөн долоо хоногт цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтын журмыг сулруулж, вакцины бүрэн тундаа хамрагдсан жуулчдад хилээ нээх шийдвэрийг танилцуулсан байна.
Дээрх журмын дагуу Европын холбоо зөвхөн “Covid-19” халдварын тархалт багатай, вирусийн мутацилагдсан хувилбарууд бүртгэгдээгүй орноос зорчин ирсэн, вакцины бүрэн тундаа хамрагдсан жуулчдыг хүлээн авахаар болсон.
Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Кристиан Вигандын мэдэгдсэнээр тус зөвлөлөөс ЕХ-ны гишүүн 27 улсад зөвхөн Европын эмийн агентлагаас зөвшөөрөгдсөн вакцинд хамрагдсан иргэдийг нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.
Европын холбоо АНУ-ын “Pfizer/BioNTech”, “Moderna”, “Johnson & Johnson” болон Их Британийн “AstraZeneca” вакцинд зөвшөөрөл олгоод байгаа билээ.
Европын эмийн агентлаг одоогоор ОХУ-ын “Sputnik-V”, БНХАУ-ын “SinoVac”, АНУ-ын “Novavax” болон Германы “CureVac” вакцинд зөвшөөрөл олгохоор судалгааны ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд Хятадын “Sinopharm” компани өөрсдийн вакциндаа Европын эмийн агентлагаас зөвшөөрөл авах ажил эхлүүлээгүй байгаа юм.