УИХ-ын дарга Г.Занданшатарын Банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр /2021.05.27/ Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн үгнээс онцлох 15 эшлэлийг хүргэж байна.
- “Ковид-19 цар тахлаас үүдэн манай эдийн засаг 2020 оны 1 дүгээр улиралд 10.7 хувиар агшсан. Гэхдээ үүнээс хойш эдийн засагт “V” хэлбэрийн сэргэлт гарч, энэ хандлага үргэлжилсээр байна”
- “Эдийн засаг сэргэхэд экспортын эрдэс түүхий эдийн гадаад эрэлт, үнийн өсөлт, түүнийг дагасан уул уурхай олборлолт, тээвэр, боловсруулах үйлдвэрийн салбарын идэвхжил, цар тахлын үед эдийн засгийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын багц арга хэмжээ гол нөлөө үзүүлж байна”
- “Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны 5 дугаар сараас хойш, төлбөрийн тэнцэл 10 дугаар сараас хойш ашигтай гарснаар гадаад валютын албан нөөц 2021 оны 4 дүгээр сарын байдлаар 4.9 тэрбум ам.долларт хүрч нэмэгдлээ”
- “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 2020 оны 6 дугаар сараас хойш өнөөг хүртэл маш тогтвортой байна”
- “Банкны салбар дахь иргэд, аж ахуйн нэгжийн нийт хадгаламж энэ оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.4 хувиар нэмэгдлээ”
- “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүх бүлгүүдийн хадгаламж жигд, өндөр өсөлттэй байв”
- “Банкны салбарын зээлийн хүү буурч, зээл олголт идэвхжиж эхэллээ”
- “Шинээр олгосон төгрөгийн зээлийн дундаж хүү 2020 оны 9 дүгээр сараас хойш тасралтгүй буурсаар энэ оны 4 дүгээр сард жилийн 15 хувь болов”
- “Мөнгөний бодлогын шийдвэрүүдээр зээлийн хүү буурах суурь нөхцлийг бүрдүүлэв”
- “2021 оны туршид эдийн засаг сэргэлттэй, 5-7 хувийн өсөлттэй байх урьдчилсан төсөөлөлтэй байна”
- “Цар тахал тархсан хугацаанд жилийн инфляц зорилтот түвшинд тогтвортой байлаа”
- “Эдийн засгийн идэвхжил, шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр инфляц цаашид өсөх дарамттай байх хэдий ч 2021 онд дунд хугацааны зорилтын орчимд хадгалагдах төсөөлөлтэй байна”
- “Монголбанк мөчлөг сөрсөн мөнгөний бодлогоо 2021 оны турш баримтлахаар тооцож байна”
- “Ковид-19 цар тахлын дараах эдийн засагт шилжих, тогтвортой байдлыг хангах бэлтгэлийг одооноос хангаж байна”
- “Монголбанк түр зуурын, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцад мөнгөний бодлогыг чангаруулж хариу арга хэмжээ авахаас илүүтэй эдийн засгийн суурь сэргэлт, тогтвортой байдалд илүүтэй анхаарна”