Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ

Эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх үүднээс нарийвчилсан судалгаа, олон улсын сайн туршлагад суурилан мөнгөний бодлогын болон зохицуулалтын холбогдох шийдвэр (бодлогын болон макро зохистой бодлогын хэрэгслүүд)-ийг Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцүүлж ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь цар тахлаас үүдэлтэй бизнес эрхлэгчид, өрх гэр, санхүүгийн байгууллагуудад учирч буй хүндрэлийг даван туулах, эдийн засгийг тогтворжуулж, сэргээхэд чиглэнэ.

Монгол Улсын банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ, төлбөр тооцоо цахим хэлбэрээр тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Одоогоор дотоод төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдолд гараагүй. Тухайлбал, 11 дүгээр сарын 12-16-ны өдрийн хооронд хийгдсэн банк хоорондын гүйлгээний тоо хэмжээ 2, 3 дугаар улирлын өдрийн дундаж түвшнээс бага зэрэг буурсан хэдий ч, 1 дүгээр улирлын түвшинд хадгалагдаж байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүд төлбөр тооцоог төлбөрийн карт, интернет, мобайл зэрэг цахим хэлбэрээр гүйцэтгэх боломжтойг харуулж байгаа бөгөөд цаашид ч улам түлхүү ашиглахыг нөхцөл байдал шаардаж байна.

Монголбанкнаас Ковид-19 цар тахалд өртсөн иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглээний болон бизнесийн зээлийн эргэн төлөлтөө банкуудтайгаа тохиролцон хойшлуулах боломжийг олгосон зохицуулалт энэ оныг дуустал үргэлжилж байгаа. Тухайлбал, өнөөдрийн байдлаар нийт 125,206 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээл Ковид-19 цар тахалд өртсөн нь нийт зээлийн багцын 33 хувийг бүрдүүлж байна. Үүнээс 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэний 2.2 их наяд төгрөг нь бизнесийн зээл, 1.5 их наяд төгрөг нь иргэдийн зээл байна. Иймд Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа болно.

Харин төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг түр хугацаанд хойшлуулах арга хэмжээ нь энэ оны 5 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 6 сарын хугацаанд хэрэгжсэн. Энэ хугацаанд нийт 38,152 зээлдэгчийн 2.0 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийг 6 сарын хугацаатайгаар хойшлуулсан билээ. Монголбанкны зүгээс Засгийн газартай зөвшилцөж, дэмжих тохиолдолд энэ арга хэмжээг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна.

Эдгээр бизнесийн, хэрэглээний болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжийг олгосон зохицуулалтын арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх асуудлыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

Монгол Улсын Засгийн газраас Гамшгаас хамгаалах хуулийн дагуу улсын хэмжээнд энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргаснаар арилжааны банкууд нийтийн эрүүл мэндийг хамгаалах, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор салбар, нэгжүүдээ тодорхой хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Харин эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, Улсын онцгой комиссын зөвшөөрлийн хүрээнд банкууд салбар, нэгжүүдээ тодорхой хэмжээнд нээн ажиллуулахад бэлэн болохыг мэдэгдсэн.

Монголбанкны зүгээс санхүүгийн зуучлалын хэвийн үргэлжлүүлэх үүднээс банкны салбарын үйл ажиллагааг тогтвортой байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Санхүүгийн салбарын зээлдэгч болон харилцах, хадгаламж эзэмшигчийн аль алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой болно. Тухайлбал, банкны салбарт нийт 9.2 сая харилцах, хугацаагүй болон хугацаатай хадгаламжийн дансанд нийт 21.7 их наяд төгрөгийн эх үүсвэр байршиж байна. Энэ оны 10 дугаар сарын дүнгээр банкны салбараас эх үүсвэрт төлж буй 1 сарын хүүний зардал 184.7 тэрбум төгрөг байгаа нь банкны хүүний орлогыг хязгаарлах тохиолдолд томоохон алдагдал үүсэхийг харуулж байна. Иймд аливаа бодлого, шийдвэр нь санхүүгийн зуучлал, санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой гэсэн зарчим баримталж байна.

Нийгмийн эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэх, орлоготой багатай иргэдийг ядуурлаас хамгаалах, ажлын байрыг хадгалахад чиглэсэн Засгийн газрын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжилт (зээл олгох, бондыг худалдан авах)-ээр дэмжиж ажиллахад бэлэн байна.

Цар тахлыг хязгаарлах, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд зориулан Засгийн газар болон банкуудад санхүүжилт олгох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

МОНГОЛБАНК

Орчуулах »
error: Content is protected !!