Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой, Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд цэргийн 2 ажиглагч офицерыг илгээснээс хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс, мужид явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 13 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 119 орон цэрэг, цагдаагийн алба хаагч илгээж байгаагаас Монгол Улс 24 дүгээр байрт жагсаж байгаа нь хүн ам, Зэвсэгт хүчний боломжтой харьцуулахад томоохон үзүүлэлт юм.
Монгол Улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2006 онд анхны эмэгтэй цэргийн алба хаагчийг Баруун Сахар дахь MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагч илгээсэн 112 улсаас 17 дугаарт бичигдэж байна.